СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-19

Ч.Алтанхуяг даатгалын сангийн мөнгийг "Капитал" банкинд хадгалж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ч.Алтанхуягт холбогдох хэргийн тухай баримттайгаар өгүүлье. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Анхаарал татсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансны мөнгө дампуурлаа зарласан “Капитал” банкинд хадгалагдаж байжээ.

Тодруулбал,
2017 оны 09 сарын 01-ний өдөр “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 45 тэрбум төгрөгийг 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл “Капитал” банкинд 15 хувийн хүүтэй хадгалуулахаар гэрээ байгуулжээ. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 2017 оны 08 сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд хадгалах гэрээ байгуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр өгсөн байна.
2017 оны 09 сарын 10-ны өдөр “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 10 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 10 тэрбум буюу нийт 20 тэрбум төгрөгийг 107 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хадгалуулах гэрээ байгуулсан.

2019 оны есдүгээр сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн 34 тэрбум төгрөгийг хадгалах гэрээ байгуулжээ. Энэ хэмжээний мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулахыг 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод зөвшөөрөл олгосон байх юм.
Түүнчлэн, 2017 оны аравдугаар сарын 04-ний өдөр “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сан”-гийн 10 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд 15 хувийн хүүтэй хадгалуулах гэрээ байгуулахыг тус тус тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр зөвшөөрч байжээ.
Дээрх мөнгөн дүнг нэгтгээд үзвэл 109 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд орлогын хүү нь 16 тэрбум болж байна. Гэрээ хэдийгээр Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын дарга Д.Зоригт, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд гэх хүмүүсийн хооронд хийгдсэн ч хүүгийн орлогыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар захиран зарцуулах эрхтэй байдаг бөгөөд энэ боломжийг ашиглаж Ч.Алтанхуяг, түүний удирдлагад ажиллаж байсан н.Ууганбаяр, н.Баяраа нар хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Мөн “Капитал” банк дампуурлаа зарлах үед сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Тус банкинд тэтгэврийн даатгалын 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын 134 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг нийт 340 тэрбум төгрөг байршиж байсан тухай мэдэгдсэн билээ.

Тус банкинд 2012 оны арванхоёр дугаар сарын 31-нээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд төрийн мөнгийг давуу эрх эдлэн өөртөө байршуулж байсан тус банк 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсныг Сангийн сайд хэлсэн. Үүнээс гадна, тухайн жилд эрүүл мэндийн даатгалын үлдэгдэл 54 тэрбум төгрөг “Капитал” банкны харилцах дансанд байршиж байсан гэх ноцтой мэдээлэл бий. Өмнө нь харилцах дансанд ингэж их хэмжээний мөнгө байршуулдаггүй байсан аж. Зүй нь, хадгаламжийн дансанд байршуулах ёстой байж. Тэгэхээр дээрх мөнгийг захиран зарцуулах боломжтой байсан гэсэн үг юм. Харин өнөөдөр дээрх мөнгийг хэн, хэзээ буцааж төлөх нь тодорхойгүй байсаар. Ард түмний ирээдүйдээ, эрүүл мэнддээ оруулсан хөрөнгө оруулалт Ч.Алтанхуяг мэтийн 60 тэрбумынхны гараар ороод сураггүй болсон бололтой.

Ч.Алтанхуяг гэж хэн бэ?

Ч.Алтанхуяг нь 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэрэгт шалгагдаж буй тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлсэн байх юм. Мөн тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой бөгөөд нийтэд нь 845 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй, дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй, 288 сая төгрөгийн авлагатай гэсэн байжээ.
Дээрх хэргийн талаар АТГ мэдээлэхдээ, Ч.Алтанхуяг нар нь “Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа хэмээн мэдээлж байсан юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.