Монгол Улсыг аалзны тор мэт бүрхсэн мансуурлыг хянаж чадахгүй. Энэ аюултай оновчтой бодлого, шийдвэрээр бүрэн дүүрэн, үр дүнтэй тэмцэж чадаагүй цагт Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, эрүүл саруул, мэдлэг боловсролтой монгол хүний талаар яриад ч хэрэггүй. Нэг ёсондоо ямар сайхан хөгжил, дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ төлөвлөөд нэмэргүй юм. Хар тамхины уршгаар залуучууд нь мансуурч, нийгэм нь гэмт хэргийн үүр уурхайгаар дүүрсэн улс орон хөгжихгүй нь тодорхой. Тиймээс нийгмийг бүхэлд нь бараан сүүдрээр дарж, залуу үеийг хар ангал руу “нисгэх” аюулын ирмэг дээр авчирчихаад байгаа хар тамхитай тэмцэх ажлыг алгуурлах нь битгий хэл цаг, мөч бүхэн ямар үнэ, цэнэтэйг ухаарах цаг хэдийнэ болсон.
Хар тамхи аюулын дохио хангинуулж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага “төрийн” чихнээс хангалттай хонх уяж ирсэн. Гэвч хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан төдийгүй сүүлийн 10 жилд энэ төрлийн 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон зэргээр тоо баримт хурдацтай өсч, нөхцөл байдал улам хурцадсаар байна. Тэр дундаа нийгэмд нэвчсэн мансуурлын аюул хүүхэд, залуусыг онилж Монгол Улсын хөгжилд заналхийлж байгаад төр засаг, ард түмнээрээ анхаарч сэрэмжлэх, тэмцэх цаг болсны дохио юм.
Гэхдээ энэ тоон мэдээлэл байж болох хамгийн бага хувилбар гэдгийг тодруулах ёстой. Учир нь ердөө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, баталгаажсан нь л энэ. Үүний цаана мэдээгүй, мэдэгдээгүй, бүртгэгдээгүй, нуугдсан хэрэг хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Хуулийнхны хэлдгээр манай улсад 5000-8000 байнгын хар тамхи хэрэглэгч бий гэдэг. Тэдний тооцооллоор нэг хүний ард 4-5 хүн байдаг гэж бодохоор энэ тоо 40 мянга болж өсөх магадлалтай юм. Хар тамхины хэргийг зөвхөн хуулийн байгууллагын илрүүлэн шалгаж байгаа тоогоор яривал өөрсдийгөө дэндүү хуурч, асуудалд өнгөц хандаж байгаа хэрэг гэдгийг ч хууль хяналтынхан хэлдэг. Харин тандан судалж, нууц, далд аргаар тэмцэх ёстой аж.
“Зууны мэдээ” сонин хар тамхи, цагаан тахалын аюулын хор хохирлыг нийгэмд таниулж, сэрэмжлүүлэх цуврал нийтлэл, сурвалжлага хүргэж байгаагийн хувьд энэ удаад хар тамхины аюулын хүрээллийг хумихын тулд хилийн хяналтаас эхлэх саналыг дэвшүүлж байна.
Хар тамхи далд хэлбэрээр зохион байгуулалттай үйлдэгддэг нууцлагдмал гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэргийн 40-50 хувийг хилийн чанадаас оруулж ирсэн бодис эзэлдэг гэсэн баримт бий. Хил, гаалиар нэвтрүүлэхдээ өчүүхэн бага хэмжээгээр асар нууц байдлаар буюу грамм, капсулаар хэмжигддэг энэ бодис Монгол Улсад сүүлийн долоон жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 9.75 кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм.
Төрөл зүйлээр нь авч үзвэл 2012-2013 онд долоон орчим кг героиныг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан бол 2012 онд мансууруулах үйлчилгээтэй 1.9 болон 1.4 кг героиныг энэ маршрутаар хилээр гаргах гэж байж. Хэргийн 21 холбогдогчийн хоёр нь гадаад улсын иргэн байгаа юм. 2010-2013 онд Герион хашиш 9.259 кг, 2014-2016 онд метамфетамин 159.43 грамм, 2017 онд 206.23 грамм метамфетамин хураасан. Гэмт хэргийн 44 хувь нь агаараар, 45 хувь нь газраар, 11 хувь нь шуудан илгээмжээр орж ирэх магадлалтай. Бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж буй нийт хэргийн 40-50 хувийг шуудан илгээмжээр тээвэрлэсэн хар тамхи эзэлж байна гэсэн албан ёсны тоон мэдээлэл бий.
Нөгөөтэйгүүр хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээ хувьсан өөрчлөгдөж иржээ. 2010- 2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 5.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч байсан. Мөн жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 хэрэг бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд нууц далд, зохион байгуулалтад орсон.
Өөрөөр хэлбэл, лабораторийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан, нарийн бүтэц найрлагатай хүчтэй үйлчилгээтэй, өндөр үнэтэй мeтафетамины төрлийн мөс, LCD зэрэг нийлэг бодисуудыг оруулж ирэх нь нэмэгдэх болсон гэсэн мэдээллийг гаалийн байгууллагаас өгч байна. Энэ мэтээр хориотой бодис нэвтрүүлэх арга хэрэгсэл нь улам нарийсч буй цаг үед хар тамхи мансуурлын аюултай хэрхэн тэмцэх. Тэр дундаа хар тамхийг хилээр орж ирэхээс урьтаж “барьдаг” байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Тэгвэл манай улсын хил, гаалийнхан хар тамхитай хэрхэн тэмцдэг бол. Үнэндээ хил гаалийнхнаас илүү хэдэн үнэрч нохой л хар тамхитай тэмцэж байна гэхэд хол зөрөхгүй. Гэхдээ гаалийн байцаагчид муу ажилласан гэсэн үг биш. Төр засгаас анхаарч төсөвлөж байгаа техник технологи, эрх, үүргийн хуваарилалтыг хэлж байгаа юм. Хүний бие болон ачаа тээш, чингэлэг шалгах рентген төхөөрөмжүүдийг хилийн боомтуудад суурилуулсан нэртэй ч бүтэл муутай байд-гийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрдөг. Тэр бүү хэл хил гараад ирсэн энгийн иргэн ч гайхаж шогширдогийг нуух аргагүй.
Харин цагдаагийнхны тусгайлан бэлтгэдэг хэдэн эрэлч нохойг л урдаа барьж, сэжиг бүхий гэж таамагласан хүн, техник хэрэгсэлээ үнэртүүлдэг юм байна. Тухайлбал, хар тамхи улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа илрүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн Малиноа, Лабрадор, Овчарка, Спаниел үүлдрийн ноход ашиглаж байгаа юм. Хил дээр гаалийн хяналт шалгалтыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа гаалийн байцаагч 30-40 грамм хар тамхийг биедээ болон эд зүйлдээ нуугаад оруулж ирж байгааг илрүүлэхэд түвэгтэй. Бусад улс орны гаалийн байгууллагуудын практикаас харахад мөрдөн шалгах үйл ажиллагааг иж бүрнээр хэрэгжүүлдэг.
Манай хойд, урд хөршүүдийн гаалийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрөлжсөн алба ажилладаг төдийгүй ажилтнуудад хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил хийх эрх хэмжээг нь олгосон байдаг аж. Өөрөөр хэлбэл, зөвхөн техник хэрэгслээр хангахаас гадна тэдгээрийг бүрэн хэмжээнд ашиглах, хуульд заасан арга хэрэгсэл хэрэглэх эрхийг нь олгож байж үр дүнд хүрдэг гэнэ.
Нэг үеийг бодоход хилийн боомтууд дээр албаны ноходоос гадна хар тамхи илрүүлсэн тохиолдолд шалгаж баталгаажуулах, зорчигчийн гар тээш, биеийг шалгах рентген аппаратууд, тээврийн хэрэгслийн хүний гар хүрэх боломжгүй эд ангиудыг шалгах уян дурангийн аппарат, тээврийн хэрэгслийн кузов шалгах цацрагийн мэдрэгч багаж, сэжиг бүхий бодис илэрсэн тохиолдолд анхан шатанд илрүүлэх тестерүүдээр гадна, дотны дэмжлэгтэйгээр харьяа байгууллагуудаа хангаж байгаа гэнэ. Мөн эрсдэл өндөртэй боомтууд дээр суурилуулах шаардлагатай багаж төхөөрөмжийн судалгааг гаргаж байгаа аж.
Хар тамхитай тэмцэхэд хил гаалийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа, техник технологийн чанар, хүрэлцээ ямар байгаа талаар дараагийн сурвалжлагаараа хөндөн хүргэх болно.
С.Уянга