Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш өглөө эхэлнэ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм.
Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар байгаа. Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн нэр бүхий иргэнийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг Цэц хянан хэлэлцэх юм.