“Өглөө ажилдаа явах гэтэл машин таглаад, утсаа унтраасан байна. Яах вэ?” гэж бид өглөө бүр цахим хуудсаараа нэг нэгнээсээ асуудаг болчихлоо. Зарим дугаараа ч үлдээхгүй, машин таглаад явчихна.
“Хотын төвд нэг гайгүй зогсоол олдохоор нь машинтайгаа жаал зогсож байгаад гарч ирлээ” гэж нэг нь хошигнох. Бүгд түрхрэн инээлдэх.
“Байрны гадаа хүн зөрөх аргагүй машин тавьчихсан байдаг учир хүүхэд салхилуулж суух тун хэцүү байдаг. Машины утаа хүүхдийн эрүүл мэндэд муу” гэж нялх хүүхэдтэй эхчүүд санал сэтгэгдлээ фб дээрээ бичих.
“Манай байрны хүүхдийн тоглоомын талбай ч гэж хуучны, хэцүүхэн эд дээ. СӨХ сайжруулъя гэж санаачилга гаргадаг ч их мөнгөний сургаар оршин суугчид зөвшөөрдөггүй”...
Машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай холбоотой санал, гомдол цахим сүлжээгээр олонтаа явдагт бид дасжээ.
Улаанбаатар хот 500 мянган автомашинтай болж, 500 мянган төгрөгтэй хүн ч хөл дүүжлэх машинтай болох боломжтой байна. Юу эдэлж, хэрэглэх нь хүний эрх учир “Боль” гэсэн захиргаадалтын үгээр аргалах боломжгүй. Цаашид ч энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй болчихлоо.
Гэтэл иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг яах вэ?
Өнөөдрийн нийтлэлээр хөндөх асуудал бол авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг нэгэн бодлогоор шийдэх санаачилгыг дэвшүүлэн тавих юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлт дээр ХОТ багагүй туршлага хуримтлуулаад байна. Алдаа, дутагдал бий. Гэвч, үүнийг хууль эрх зүйн түвшинд засаж, сайжруулаад явах боломжтой. Явж ч байгаа биз.
Тэгэхээр энэ туршлага дээрээ дөрөөлөн, Хүүхдийн тоглоомын талбайн дахин төлөвлөлтийн бодлогыг санаачлан хэрэгжүүлэхийг livetv.mn уриалж байна.
Бодлогын хувьд Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлттэй адил. Хот хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулан баталж, баталгааг нь хангах ба тендер зарласнаар аж ахуйн нэгжүүд хүүхдийн тоглоомын талбай дээр дахин төлөвлөлт хийхдээ газар доорх дулаан зогсоолыг давхар шийдэх юм. Улаанбаатар хотод ийм ганц, хоёр сайны жишээ байгаа боловч, ХОТоос бодлогын хувьд зангидан нэгтгэж, уриалан зохион байгуулаагүй учир иргэд аз жаргалтай амьдарч чадахгүй байна.
Өмнөх төслүүдийн адил ХОТоос нэг ч төгрөг гарахгүй. Аж ахуйн нэгжүүд хүүхдийн талбайг өөрийн хөрөнгөөр шинэчлэн сайжруулж, гараашаа зах зээлийн үнээр борлуулан, ашгаа нөхнө.
Ингэснээр багачууд нь цэвэр, цэмцгэр хүүхдийн тоглоомын талбайтай, томчууд нь амрах, саатах газартай, машинаа тавих гарааштай, цаашилбал өөрсдийн үл хөдлөх хөрөнгөтэй болно. Бүр цаашилбал, тэрхүү гараашуудыг ХОТоос бодлогоор Ипотекийн зээлд хамруулж, иргэдэд давхар давхар боломж олгож болох юм.
Чингэж чадвал Улаанбаатарын иргэдийн аз жаргал нэгээр нэмэгдэх буй за. Ингэж чадвал Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр биеллээ олох буй за.