Дэлхийн ойн самрын хэрэглээний ¾ нь Турк улсаас ирдэг бол хамгийн том худалдан авагч нь та бидний сайн мэдэх самар, шоколадаар хийсэн амттан Nutella-г үйлдвэрлэгч Италийн Ferrero компани юм. Гэвч Nutellа-г үйлдвэрлэхэд хэрэглэдэг ойн самрын ихэвчлэн дүрвэгсэд, цагаач иргэд тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд маш бага хөлсөөр уртасгасан цагаар ажиллаж түүдэг байна. Тэгэхээр Ferrero компани хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй гэдгээ батлан даах болов уу?
“Ойн самар гэдэг үг миний хувьд хүнд хүчир ажил гэсэн ойлголтыг төрүүлдэг” гэж нуруундаа 35 кг самар үүрсэн Мехмет Келекчи ярьжээ. Туркийн уулархаг ойн бүсэд Курдаас ирсэн цагаач дүрвэгсэд самар түүн борви бохис хийлгүй ажиллаж байна. Аав нь самрын модон дээр авирч мөчир цохиж, газар унасан самруудыг ээж хүүхдүүдийн хамт түүж цуглуулна. Энэ маягаар тэд өдөрт 10 цагийн турш ой модонд ажилладаг байна.
Тэдний дунд байгаа 12 настай Мустафа, 10 настай Мохаммед нар хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн төлөөлөл. Турк улсад ажлын хөлс хамгийн багадаа хоногийн 95 лира, сарын 2,020 байх ёстой. Гэтэл тэд хоногт 65 лира авдгийнхаа 10 хувийг ажил олж өгсөн зуучлагчдаа өгдөг. Энэ мэтчилэн хямд хөлсөөр цагаач гэр бүлүүдийг ажиллуулдаг Туркийн 400,000 самрын талбай дэлхийн ойн самрын хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.
Италийн Ferrero зэрэг нэр хүндтэй брэндүүд Туркаас хураадаг самрын 1/3-ыг нь худалдаж авдаг. Тус брэнд Nutella, Kinder, Ferrero Rocher зэрэг амттануудыг хийхийн тулд жилд 365,000 тн самар худалдаж авдаг байна. Ferrero өөрийн гэсэн самрын аж ахуй эрхэлдэггүй бэлнээр худалдаж авдаг учраас бүтээгдэхүүндээ хэрэглэдэг самрын уг гарал, хэрхэн түүж үйлдвэр дээр ирж байгааг бараг анхаардаггүй гэжээ.
Самар түүгчид, тариаланчдад хандан 2012 оноос арга техник, чанарын сургалт хөтөлбөр хэрэгжүүлсэн нь 42,000 фермер эрхлэгчдэд хүрсэн байна. Энэ нь Туркийн 400,000 аж ахуй эрхлэгчийн ердөө 10 хувь юм. Тиймээс Ferrero-ын бүтээгдэхүүндээ ашигладаг самрыг түүхэд хүүхдийн хөдөлмөрийг шулаагүй гэдгийг батлах эргэлзээтэй.
Турк дэх Ferrero Hazelnut компанийн ерөнхий менежер Бамси Акин “хэрэв бидний худалдаж авч буй бүтээгдэхүүн ямар нэг ёс зүйгүй замаар олдсон бол бид үүнийг өөрчлөх амаргүй. Бид сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж сайжруулах үүднээс үүргээ биелүүлж байгаа. Гэхдээ тогтолцоо нь өөрөө бүрэн байна уу? Миний бодлоор хэн ч энэ талаар тодорхой хэлж чадахгүй гэж бодож байна” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com