СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир-3

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Түрүүч нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учирЕрөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир-2

Улс үндэсний эрх ашгаа хамгаалсан нь

Одоо Мэдисон нар Ерөнхийлөгч гадна, дотнын, ялангуяа, гадаадын хүчирхэг гүрнүүдийн нөлөөнд орж улс орны эрх ашгаас урваж ч болох аюулыг хэрхэн сэргийлснийг авч үзье. Энэ асуудал Монголын улс төрд маш онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс ч , тиймээс олноороо асуудлыг шийддэг парламентын засаглал улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа гэдэг аргументыг дэвшүүлдэг. Учир нь тэд 76 хүнийг дарамтлах, худалдан авах боломжгүй гэсэн аргумент дэвшүүлдэг.

Энэ нь хэрэг дээрээ улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа 76 толгойд нуугаад 76 нүхэнд шургуулах, өөрөөр хэлбэл нуух, нуугдах аргумент гэж нэрлэж болно. Мэдээж тэдний нэг хүнийг амархан дарамталж, худалдан авах боломжтой, олон хүнийг дарамтлах, худалдан авах боломжгүй гэдэг аргумент зөв. АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчид ч мөн ингэж үзсэн юм. Гэхдээ манай “мэргэдийн” парламентын засаглал л энэ бүхнээс аврах баталгаа гэдэг нь худлаа төдийгүй, төөрөлдсөн, эсвэл төөрөлдүүлсэн төдийгүй бас хортой аргумент. Учир нь тэд нэг бол парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын мөн чанарыг огт ойлгохгүй байгаа хэрэг эсвэл тэд парламентын буюу зохион байгуулалттай бүлэг хүмүүсийн дарангуйллыг хамгаалах далд санаагаа үүгээр халхалж байгаа хэрэг.

Парламентын засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүх эрх мэдлийг нэг этгээдийн гарт төвлөрүүлдэг. Монголын парламентын засаглалын нөхцөлд тэр нэг этгээд нь парламентын олонхийг бүрдүүлж байгаа нэг нам гэсэн үг. Дийлэнх тохиолдолд уг нэг этгээд нь эцсийн эцэст эрх барьж буй намын дарга-босс байдаг. Намын дарга-босс Засгийн газраа ч, парламентаа ч атгадаг. Даргын гарт Засгийн ч, парламентын ч гишүүдээ дарамтлах, худалдан авах бүх эрх мэдэл, зэвсэг бий. Даргын гарт сайдаас эхлээд бүх яам, тамга, газрын албан тушаалууд, УИХ-ын бүх албан тушаалууд, мөн УИХ-д нэр дэвшүүлэх эрх мэдэл бий. Мөн даргын гарт бүх төсөв, лиценз, концесс, тендер, ЖДҮС гэх мэт бүх сан, зээл, тэр бүү хэл гадаад томилгоо ч бий. Мөн даргын гарт гишүүдийн “фактууд” ч бий. Энэ бүх эрх мэдэл, эд баялгаар намын дарга-босс парламентын олонхийг дарамталж ч, худалдан авч ч атгаж байдаг.

Чухам тиймээс л Оюутолгойн гэрээг С. Баяр “Би хар” ч бил үү “хиртэй” ч бил үү “толгойгоороо хариуцна” гэж төр, цааз, хууль, ёс, журамтай улсын Ерөнхий сайд шиг биш харин бүлэг дээрэмчдийн толгойлогч мэт тунхаглаж чадсан хэрэг. Энэ тогтолцоог дэлхий нийтээр бүгд мэднэ. Ялангуяа Монголд эрх ашгаа шургуулсан бүхэн үүнийг гаргууд мэднэ. Нэг бус удаа ч хэрэглэж байсан. Нөгөө талаар ерөнхий сайд нь Н. Алтанхуяг шиг зөрүүдлээд байвал, 76-гийн хэсгийг ч дарамталж ч, худалдан авч ч болно гэдгийг тэд сайн мэднэ. Н. Алтанхуягийг унагахад өөрийнх нь намын найман гишүүн эсрэг санал өгч, 10 гишүүн “алга” болоход л хангалттай байсан. Энэ бүхэн парламентын засаглал Монголын эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хэрхэн “хамгаалсны” баримт.

Үнэн, аливаа улсад, түүний дотор бүгд найрамдах улсад хаад биш ноёд төрийн эрх мэдлийг хашиж байдаг. Харин ноёд урвадаг бол хаад урвадаггүй юм. Бүгд найрамдах улсын хаад нь харамсалтай нь ард түмэн. Дээрээс нь парламентын засаглалд тэр бүлэг урвагч ноёд нь дор хаяхад парламентыг ч, Засгийн газрыг ч хоёуланг нь хашиж байдаг. Чухам бүлэг ноёд парламент, Засгийн газар хоёрыг хоёуланг нь хашдаг учир С. Баяр “стандарт бус” хэмээх Засгийн газраа байгуулан УИХ-ыг сөрөг хүчингүй стандарт бус парламент болгосон бол, чухам парламент Засгийн газрыг байгуулдаг учир УИХ нь Н.Алтанхуягийн Засгийг огцруулж болж байгаа юм.

Хэрвээ АНУ-ынх шиг парламент, Засгийн газар хоёр салгагдсан, парламент нь хуулиа тогтоодог, Засгийн газар нь хуулиа хэрэгжүүлдэг, ард түмэн энэ хоёрыг тус тусад нь байгуулдаг байсан бол С.Баярын үед МАН бүгдээрээ С.Баярын “хар толгойд” Оюутолгойг даатгасан ч АН сөрөг хүчин хэвээр үлдэж, С.Баярын “хиртэй толгойд” Оюутолгойг хэзээ ч даатгахгүй байсан юм. Мөн тийм байсан бол УИХ хэзээ ч Н. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахгүй байх байсан юм. Дээрээс нь хэрвээ АНУ-ынх шиг 2 жилээр сонгогддог, имийчментийн эрх мэдэлтэй төлөөлөгчдийн танхимтай байсан бол Монголд хээл хахууль төдийгүй, “хонгил” ч, “хонгилынхон” ч, “хонгилын шүүгчид”, “хонгилын өмгөөлөгчид” ч гэж хэзээ ч үүсэхгүй байх байсан юм.

Харин одоо Мэдисон нар нэг хүн, олон хүний асуудлыг хэрхэн шийдсэнийг авч харъя. Мэдисон нар нэг хүнд улс орны эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг даатгаж болохгүй гэдгийг тодорхой мэдэж байв. Гэхдээ улс орон эрх ашгаа хамгаалахын тулд нэг толгойтой, нэг амтай байх ёстой ч гэдгийг мэдэж байв. Тиймээс тэд аливаа гэрээ, хэлэлцээр явуулах, хийх эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгосон ч, харин түүнийг батлах эрхийг Сенатад гэхдээ Сенатын гуравны хоёрт олгосон юм.

Нэгэнт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл салгагдсан тул, мөн Сенатыг ард түмэн тусдаа сонгодог учир, сенатч нэгэн зэрэг Засгийн газрын гишүүн байх боломжгүй учир улс орны эрх ашигт харш байж болох аливаа гэрээ, хэлэлцээрийг батлах асуудал дээр Сенатад гуравны нэгээс илүү сөрөг санал бүрэлдэх үндэслэл хангалттай бий. Тиймээс Ерөнхийлөгч улс орны эрх ашиг, аюулгүй байдлыг эрсдэлд оруулах гэрээ, хэлэлцээр байгуулах боломжийг тогтолцоо нь хаачихсан зүйл.

Түүнээс манайхан шиг олон хүнд дулдуйдах “хар ухааны” асуудал огт биш. Энэ бол тогтолцооны шийдэл, хана хэрэм. Дээрээс нь нэгэнт төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчийг импийчмент хийх эрх мэдэлтэй учир энэ нь Ерөнхийлөгчийг улс орны эрх ашгаа орхигдуулахгүй байх хангалттай хөшүүрэг. Энэ нь мөн л тогтолцооны шийдэл. Үнэндээ импийчмент нь АНУ-ын Ерөнхийлөгчийг авилгадах, худалдаж авах, дарамтлах оролдлогыг хэрэггүй болгосон гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн тогтолцоо улс орны эрх ашиг, тусгаар тогтнолыг ганц толгойн ч, олон толгойн ч аюулаас найдвартай хамгаалсан тогтолцооны шийдэл, хана хэрэм.

 Хараат бус шүүхийг байгуулсан нь

Мэдисон нар зөвхөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, гэхдээ парламентын тогтоосон аливаа хуульд ч, Ерөнхийлөгчийн гаргасан аливаа тогтоолд (executive orders) ч “шүүхийн хяналт” (judicial review) хийж хүчингүй болгох эрх мэдэлтэй Дээд ба бусад шатны шүүхийг байгуулсан. Харин шүүгчийг ард түмнээр шууд сонгуулах, буулгах замыг сонголгүй, харин ардчилсан гинжин холбоосны замыг сонгосон юм. Тиймээс ард түмний өөрсдийнх нь сонгосон Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, ард түмний өөрсдийнх нь сонгосон Сенат дэмжсэн нөхцөлд л Ерөнхийлөгч шүүгчийг хугацаагүй томилдог байхаар тогтоосон юм. Энэ нь Мэдисон нарын баримталсан меритийн зарчмын илрэл байсан бөгөөд уг зарчим нь шүүхийн чадвар, бодлого, шийдвэр тогтвортой байхад чухал учир холбогдолтой байв.

Ингэхдээ Сенат нэр дэвшигч бүрийг нээлттэй сонсголд оруулж, ард түмний нүдэн дээр тэдний мэдлэг чадвар, ажлын туршлага, намтар, зан чанар, ёс суртахууныг нь асуун тодруулж, шүүн хэлэлцэж, ам өчгийг нь авч байж эцэст нь санал хурааж дэмжих эсэхээ шийддэг учир шүүгчийг томилох үйл явц нь хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжийн томилгоо бус, харин ард түмний нүдэн дээр ил тод явагддаг мэдлэг чадвар, туршлага, зан чанар, ёс суртахууны шалгуураар шилэгдэх үйл явц болсон юм. Мэдээж Сенат шүүгч нарыг шилэх сонгох төдийгүй, томилуулахгүй байх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн чанарын шүүлтүүр болсон юм.

Мэдисон нар мөн шүүгч зөвхөн хуульд захирагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг ч тууштай нэвтрүүлсэн. Юуны түрүүнд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, томилохоор зохицуулсан нь шүүгч нарыг хууль тогтоогчдоос хараат бус болгох зорилготой байв. Гэхдээ шүүгчийг мөн нэр дэвшүүлэгч, томилогчдоос ч хараат бус болгох хэрэгтэй байв. Тиймээс чухам Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлж, Сенат дэмжсэн нөхцөлд л Ерөнхийлөгч томилдог болгосон нь шүүгч нарыг Ерөнхийлөгчөөс ч, Сенатаас ч хараат бус болгох эхний зохицуулалт байв.

Шүүгч нарыг томилогчдоос хараат бус болгох хоёрдох зохицуулалт нь шүүгчийн хугацаагүй томилолт. Хугацаатай томилогдох бол шүүгч дахин томилогдохын тулд нэр дэвшүүлэх, мөн эцэст нь томилох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч, томилуулуулахгүй байх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Сенат хоёрт үйлчлэхээс өөр аргагүй болно. Шүүгч нарыг томилогчдоос хараат бус болгох өөр нэг зохицуулалт бол Ерөнхийлөгчид ч, Сенатад ч шүүгчийг огцруулах эрх мэдлийг өгөөгүй явдал. Хэрвээ тэд огцруулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан бол огцрохгүйн тулд шүүгч тэдэнд мөн үйлчлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ шүүгч нарыг хараат бус болгох хамгийн хүчирхэг зохицуулалт нь Төлөөлөгчдийн танхимын импийчмент хийх эрх мэдэл.

Төлөөлөгчдийн танхим нь шүүгч нарын томилгоонд оролцдоггүйн дээр, тэд ард түмнээс зөвхөн хоёрхон жилийн хугацаагаар сонгогддог. Гэтэл шүүх үйл ажиллагааны үндсэн бай нь ард иргэд бөгөөд, Төлөөлөгчдийн танхим нь ард иргэдийн хэсэг, тэдний төлөөлөл. Тиймээс Төлөөлөгчдийн танхим нь нэгэнт шүүгчийн томилгоонд оролцдоггүй учир тэдэнд шүүгчийг хамгаалах сонирхол байхгүйн дээр, тэд хоёрхон жилийн хугацаатай сонгогдог тул ард түмний хэсэг төдийгүй, дахин сонгогдохын тулд ард түмэнд үнэнчээр үйлчлэхээс өөр аргагүй.

Тиймээс Төлөөлөгчдийн танхимын импийчмент хийх эрх мэдлийн дор орших шүүгч нар зөвхөн хуульд захирагдаж, ард түмний буюу нийгмийн хүлээлт, нийгмийн ёс суртахууны хүрээнд ажиллахаас өөр аргагүй болсон юм. Улмаар аливаа импийчментийг Төлөөлөгчдийн танхим ард түмний нүдэн дээр ил тод асууж, хэлэлцэж, шүүн тунгааж, эцэст нь мөн л санал хурааж шийддэг үйл явц тул шүүгчийг импийчмент хийх нь хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжээр үйлддэг үйл явц бус харин жинхэнэ учрыг олж, хужрыг тунгаах үйл явц.

Шүүгчийн томилгоо ч, импийчмент ч ийнхүү ард түмний нүдэн дээр ил тод явагддаг учир, хэрэг дээрээ ард түмний хараа, хяналт дор явагддаг үйл явц. Энгийнээр хэлбэл ард түмэн арай дөнгүүр хүмүүсээ сонгож тэднээр шүүгч нарыг томилуулах, буулгах үйл ажиллагааг зохион байгуулуулж өөрсдөө тэр томилох, буулгах үйл явцыг хянаад сууж байдаг гэсэн үг. Энэ бүхэн нь шүүгчийг аливаа хууль бус нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлдэг. Эдгээр зохицуулалтыг бүхэлд нь авч хураангуйлан үзвэл Ерөнхийлөгч нэр дэвшүүлж томилдог нь шүүгч нарыг хууль тогтоогчдоос хараат бус болгоход чиглэгдсэн бол, Сенатын шүүлтүүр нь мэдлэг чадвар, туршлага, ёс суртахууны хувьд тохирох этгээдийг томилуулах явдлыг хангах төдийгүй, шүүгчдийг Ерөнхийлөгчөөс хараат бус болгоход чиглэгдсэн бол хугацаагүй томилолт, Төлөөлөгчдийн танхимын импийчмент нь шүүгчийг томилогчдоос хараат бус болгох зохицуулалт юм.

Мэдээж, ард түмэн өөрсдөө шүүгч нараа сонгодог нь ч бий. Тухайлбал, АНУ-ын 39 муж улс шүүгч нарынхаа дор хаяж тодорхой хэсгийг сонгодог бөгөөд, нийт муж улсуудын нийт шүүгчдийн 87 хувь нь сонгогдог гэсэн статистик ч бий. Энэ нь ардчилсан зам бөгөөд шүүгч нарыг ард түмний шаардлага, нийгмийн хүсэн хүлээлтэд үйлчлэхэд хүргэдэг талтай. Гэхдээ энэ нь шүүгч нарыг улстөржүүлэх үр дагавартайн дээр зохих мэдлэг, чадвар, туршлага, зан чанартай хуульчид шүүгчээр сонгогдох эсэх, мөн хууль ба ард түмний хүсэн хүлээлт, нийгмийн ёс суртахуун хоёрын мөргөлдөөнд шүүгчдийг оруулах зэрэг асуудалтай. Чухам эдгээр үндэслэлийн үүднээс АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчид энэ замыг зохистой хувилбар гэж үзээгүй юм.

Монголын шүүх: Хэнээс хараат бус хэний хараат?

Харин Монголд шүүх эрх мэдлийг хараат бус болгох уриан дор явагдаж байгаа суртал, мөн сонгож авсан шийдэл нь бид Монгол улсад ардчилсан буюу, ард түмэн төр засгаа өөрсдөө барьдаг дэглэмийг байгуулах гэж байна уу аль эсвэл гэдэг асуудлыг тавих хэрэгтэй болгоод байгаа юм. Энэ асуудлыг тавихын учир нь манай “мэргэдийн” хараат бус шүүх байгуулах зам нь зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө захирч байх төдийгүй, зөвхөн шүүгчид өөрсдөө өөрсдийгөө шилэн, бас сонгон, томилох явдал гэж сурталдаж байгаагаас үүдэлтэй юм.

Тэд сурталдаад ч зогсохгүй гайхалтай нь энэ УИХ түүнийг нь дэмжээд дийлэнх олонхоороо баталчхаад байгаа учраас ч ардчилсан засаглалын асуудлыг тавихаас өөр аргагүй болгоод байгаа юм. Хэрвээ Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг эдүгээ хашиж байгаа Х. Баттулга эсэргүүцээгүй л бол тэд өөрсдийнхөө “хараат бус” шүүхээ бүрэн байгуулж, шүүх эрх мэдлийг тэр чигээр нь шүүгч, хуульч нарын эрх мэдэлд өгч, тэдний онцгой эрх мэдэл болгох байсан юм. Тиймээс л ардчилсан засаглалын тухай асуух хэрэгтэй болоод байгаа юм.

Дээр өгүүлснээр шүүх бол эрх мэдэл, төрийн эрх мэдэл. Шүүх мэргэжил биш. Шүүх ажил биш. Шүүх бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүдийн нэгэн адил төрийн эрх мэдэл. Төрийн эрх мэдэл дотроо шүүх бол бүр бидний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг шийддэг эрх мэдэл. УИХ-д биднийг цаазлах, хорих эрх мэдэл байхгүй. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад биднийг цаазлах, хорих эрх мэдэл байхгүй. Харин шүүхэд энэ эрх мэдэл бий. Чухам бидний амийг авах, эрх чөлөөг хасах онц эрх мэдэл учир шүүх аливаа хэргийг хаашаа ч хэлтийхгүй зөвхөн хуулиар буюу ард түмний хүсэл зориг (will), шийдлийн (resolution) гэрээгээр хагалж (rule) байх ёстой юм. Үүнийг хуулийн засаглал (rule of law) гэх. Тиймээс л шүүхийн хараат бус байдал онцгой чухал.

Гэвч хүний бүтээсэн хууль төгс биш төдийгүй дутуу. Хууль хүний нийгмийн амьдралыг хэзээ ч бүхэлд нь хамарч ч, зохицуулж ч байгаагүй, байх ч үгүй. Монголын нэгэн алдарт уяач хурдан морийг уяна, засна гэдэг тал дээр байгаа хялгасыг чүдэнзний хайрцагт оруулахтай л адил зүйл гэсэн шиг, хууль тэр хялгас мэт хутганы ирийг чүдэнзний хайрцаг шиг их орон зай дотор оруулж ирж чадаж байвал их юм. Шүүгч ийм хуулийг хэрэглэж, тийм орон зай дотор, тэр хялгасаар, тэр хутганы ирээр хүний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг хяргаж байдаг.

Чухам тиймээс шүүхийн жишиг (prededent) үлгэр, жишиг хууль болдог. Тэр үлгэр, жишгийн эх сурвалж нь шүүхийн хагалалт, шүүгч өөрөө байдаг. Зөвхөн шүүгч буюу нэг хүн, шүүхийн хагалалтын эх сурвалж байх нь учир дутагдалтай учраас ч жишиг хуулийн (common law) уламжлалтай орнуудад энгийн иргэдээс бүрдсэн жюри нарыг суулгаж тэдний нүдэн дээр маргалдагч талууд баримтаа дэлгэж жюри нар буруутай, буруугүйг хагалж, буруутай гэсэн шийдвэр гарвал, шүүгч зохих шийтгэлийг нь ногдуулдаг. Харин иргэний хуулийн (civil law) уламжлалтай орнуудад ийм уламжлал байхгүйн дээр, жюри нар тал тохой татдаг гэж үздэг. Гэхдээ аль ч уламжлалд хууль шүүхийн шийдвэрийн цорын ганц эх сурвалж болдоггүй, хуулийн үлдээсэн орон зайг шүүх бөглөж байдаг. Тэр орон зайг, тэр чүдэнзний хайрцаг шиг орон зайг юу бөглөх ёстой вэ? Түүнийг эрх баригчийн үзэмж бөглөх ёстой юм. Харин ардчилсан улс оронд эрх баригч нь ард түмэн байдаг. Тиймээс тэр орон зайг ард түмний үзэмж бөглөх ёстой юм.

Харин манай “мэргэд” тэр орон зайг шүүгчийн үзэмж бөглөх ёстой гэж номлож байгаа төдийгүй шүүх эрх мэдэл бүхэлдээ шүүгч нарын эрх мэдэлд байх ёстой гэж улайран зүтгэж байгаа. Учир нь тэд хэн шүүгч байх ёстойг, хэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгч нар мэдэх ёстой гэж зүтгэж байгаа. Тиймээс тэдний бодож олсон Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэдэг байгууллагыг шүүгч нар өөрсдийн дундаас өөрсдөө сонгож байгуулаад, тэр байгууллага нь хэн шүүгч байх ёстойг шийдэж байх учиртай юм.

Тэднийхээр хэн шүүгч байхыг ард түмэн ч, ард түмний итгэн сонгож, эрх мэдлээ түшүүлсэн Ерөнхийлөгч ч, УИХ-ын гишүүд ч шийдэх ёсгүй. Өөрөөр хэлбэл тэднийхээр шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн адилаар ард түмнээс ургаж байх ёстой бус, харин зөвхөн шүүгчдээс өөрсдөөс нь ургаж байх ёстой болж байгаа юм. Тэгээд тэр шүүгчдээс ургасан шүүх эрх мэдэл нь иргэд бидний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг шийдэж байх ёстой болж байгаа юм. Хэрвээ тэдний логикоор сэтгэвэл зүй нь Ерөнхийлөгч хэн Ерөнхийлөгч байхыг, УИХ-ын гишүүд хэн УИХ-ын гишүүд байхыг зөвхөн өөрсдөө, өөрсдийнхөө дотроос шийдэх ёстой гэсэн үг.

Энэ ардчилсан ёс уу? Энэ тэгээд ард түмэн эрх мэдлээ өөрсдөө өөрсдийнхөө дотроос сонгон байгуулж байгаа хэрэг үү? Ийм учраас л “Ардчиллаа хамгаалъя!” гээд байгаа “мэргэдээс” ч, их хурлын гишүүдээс ч та нар ардчилсан буюу, ард түмэн төр засгаа өөрсдийнхөө төлөө өөрсдөө байгуулдаг, барьдаг дэглэмийн тухай ярьж байна уу эсвэл та нарын ардчилал гээд байгаа зүйл чинь зөвхөн та нарын өөрсдийн чинь “ардчилал” буюу хэн эрх мэдэл барихыг зөвхөн та нар өөрсдөө өөрсдийн дундаас шийдэх асуудал болоод байна уу гэж асуух хэрэгтэй болоод байгаа юм.

Зөвхөн шүүгч нар хэн шүүгч байхыг мэддэг болбол шүүх эрх мэдэл мэдээж манай “мэргэдийн” шүүх эрх мэдлийг өөрсдөөсөө хараат болгоод “бузарлаад” байна гээд зүхээд байгаа “улстөрчдөөс” (уг нь улстөрчид нь ард түмний итгэн сонгож эрх мэдлээ түшүүлсэн төлөөлөгчид, мөн түшээд) төдийгүй төрийн эрх баригч гээд байгаа ард түмнээс ч хараат бус болох нь ойлгомжтой бус уу? Ард түмэн чухам ямар учраас өөрсдийн амь, амьдрал, эрх, эрх чөлөөг нь мэдэх эрх мэдлийг өөрсдөөсөө хараат бус, хамааралгүй хэсэг бүлэг хүмүүст өгөх ёстой вэ? Ер нь аливаа ард түмэн өөрсдийн төр улсыг яах гэж байгуулдаг хэрэг вэ? Өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд бус уу? Энэ тэгээд ардчилсан ёс уу? Энэ тэгээд ард түмэн төрийн эрх мэдлээ, түүний дотор төрийн шүүх эрх мэдлээ өөрсдөө барьж байгаа хэрэг үү?

Улмаар зөвхөн шүүгч нар хэн шүүгч байхыг мэддэг болбол шүүх эрх мэдэл тэдгээр шүүгч хэмээх хүмүүсээс хараат бус болохгүй юу? Тэр тусмаа шүүгч нар шүүхийн захиргаа, мөн хэн шүүгч болохыг, ямар шатны шүүгч болохыг мэддэг ШЕЗ-өө зөвхөн өөрсдийн дундаас өөрсдөө сонгодог болбол шүүгч нар өөрсдийн эрх ашгийг хамгаалах этгээдүүдээ ШЕЗ-дөө сонгохгүй юу? Улмаар шүүгч нар шүүгч нараа төдийгүй, зөвхөн өөрсдийн дундаас өөрсдөө ШЕЗ-өө сонгодог болбол шүүгч нар өөрсдөө шүүхийн улстөртэй болж, шүүхийн улстөрийн анги, намд хуваагдаж улстөржихгүй юу? Ингэхэд шүүгч гэгч хэн бэ? Тэдэнд та нарын зүхээд байгаа улс төрчдөд байдаг шунал, тачаал, хомхой сэдэл байхгүй юу? Шүүгч гэгч хүн биш ариуссан, гэгээрсэн бурхад уу?

Манай “мэргэдийн” хараат бус шүүх байгуулах, түүний тулд хэн шүүгч байхыг зөвхөн шүүгч нар өөрсдөө мэдэх ёстой гэж зүтгээд байгаа номлол нь эртний Энэтхэгийн кастийн (caste) системтэй адил зүйл. Эртний Энэтхэгийн хиндү номлолоор Энэтхэгийн хүн ам брахмин (brahmin), кшатрья (kshatriya), вайша (vaishya), шудра (shudra) гэсэн кастаас бүрэлдэх болсон бөгөөд эдгээр кастууд нь төрмөл байсан юм. Өөрөөр хэлбэл брахмины гэр бүлд төрсөн нь брахмин, кшатрьягийн гэр бүлд төрсөн нь кшатрья болно. Брахмин нар лам, багш нар, кшатрья нар нь төрийн эрх баригчид, засаглагчид болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь эрх мэдэл, ажил мэргэжлийн угсаа залгамжилсан, өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг хаалттай давхаргууд, тиймээс каст буюу хаалттай давхарга, бүлгүүд гэдэг юм. Тиймээс юу номлох, юу заах нь брахмин нарын мэдэлд, яаж засаглах нь кшатрья нарын мэдэлд байв.

Тэд үүнийгээ ертөнцийг бүтээгч Брахма бурхны амнаас брахмин нар, цээжнээс нь кшатрья нар төрсөн учир ийм байх ёстой гэж номлодог байв. Мэдээж хүмүүсийг нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхдаг төдийгүй, брахмин, кшатрья нар үргэлж номлож, засагладаг учир кастийн систем нь хүний мөн чанарт харш хамгийн харгис дэглэм байсан юм. Тиймээс ч Будда Сидхарта түүний эсрэг хувьсгалт номлолоо дэвшүүлж хүн ямар ч гэр бүлд төрсөн, өөрөө хичээж, өөрөө зүтгэвэл бодисатва (bodhisattva) буюу бурхны гэгээрлийг ч олж болно гэсэн номлолоо дэвшүүлсэн нь эдүгээгийн бурхны шашин.

Гэтэл манай “мэргэд” ч, их хурлын гишүүд ч Элбэгдорж гэгч этгээдийн гамшгаар хэн шүүгч байхыг зөвхөн шүүгч нар мэдэж байж л шүүх эрх мэдэл хараат бус болно гэж чухам энэ кастийн системийг сэргээж шүүгч нарын кастийн систем бий болгох гэж зүтгээд байх. Тиймээс тэд хэрвээ юу ярьж, юу хийж буйгаа мэдэхгүй байгаа бол тэд үнэндээ нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов гэдгийг хийж байгаа юм.

Гэхдээ “мэргэдийг” юу ярьж, юу хийж буйгаа мэдэхгүйгээсээ болж байна гэж хэлэхэд хэцүү. Учир нь ШЕЗ гэдэг байгууллага бий болоод удсан төдийгүй, хэрэг дээрээ Монголд шүүгч нарын онцгой бүлэглэл аль эрт үүсчихсэн нь илэрхий учир “мэргэдийг” уг бүлэглэлээ дархлах гээд байна уу гэсэн сэжиг өөрийн эрхгүй төрж байгаа юм. Монголын “мэргэдийн” одоогийн сонгож аваад байгаа шийдэл нь Италийн системтэй хэлбэрийн хувьд төстэй.

Үргэлжлэл бий.

 

2019.9.19 ПҮРЭВ №186 (6153)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.