Энэтхэгийн Засгийн газрын танхим цахилгаан тамхины импорт, экспорт, худалдаа, үйлдвэрлэлийг бүрэн хориглохоор болсон гэдгийг мэдэгджээ. Сангийн сайд Нирмала Ситараманы хэлснээр цахилгаан тамхи залуу үеийн дунд эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж хориг тавьсан гэлээ.
Тус улсын 1,3 тэрбум хүн амын дунд 100 сая насанд хүрсэн тамхи татдаг иргэн байгаа учраас цахилгаан тамхи үйлдвэрлэдэг компаниудын хувьд маш том зах зээл юм. Ийм төрлийн тамхинд никотин, ус, задлагч, үнэр амт оруулагч ордог ба орчин үед тамхинаас гарахад тусална хэмээн сурталчилдаг болжээ. Гэвч энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь одоог хүртэл бүрэн судлагдаагүй юм.
Эрх баригчдын санаачилснаар хоригийг зөрчвөл гурав хүртэл жил хорих ялтай байна. Харин уламжлалт тамхи болон түүнийг худалдаалдаг компани, аж ахуй нэгжүүдэд хамааралгүй юм.
Залуу үеийнхэн нэгнээ дуурайх, дүр үзүүлэхийн тулд цахилгаан тамхийг ихээр хэрэглэж байна гэж Энэтхэг, Америкийн судлаачид тогтоожээ. 2018 оны судалгаагаар Америк, Их Британи, Францад цахилгаан тамхи хэрэглэгчид 10 тэрбум ам.долларыг утаагүй, усан тамхинд зарцуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр цахилгаан тамхи гарснаас хойш тамхи татдаг иргэдийн тоо бага хувиар буурсан ч тогтвортой хэвээр ажиглагдаж байна гэжээ. Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тамхи татдаг гэсэн судалгаа бий.
Эх сурвалж: www.bbc.com