Олон улсын валютын сангийн ажлын хэсэг 2019 оны зургаадугаар сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу тус сангийн Удирдах зөвлөл албан ёсоор хэлэлцээг дүгнэн мэдээлэл гаргажээ.
Уг албан мэдээнд Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэж байгаа гээд 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн бол 2018 онд төсвийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн гэж онцолсон байна.
Мөн гадаад валютын албан нөөц 2016 оноос хойш 2.5 тэрбум ам.доллароор өссөн гэсэн гол тоонуудыг дурджээ. “Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засаг гадаад “шок”-т эмзэг хэвээр байна. Учир нь гадаад өрийн хэмжээ өндөр, эдийн засаг түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа” гэж онцолжээ. Түүнчлэн эдийн засаг сайн байгаа ч зарим анхаарах асуудлуудыг дурдсан байна. Эдийн засгийн өсөлтийг 2019 онд 6.5 хувь, дунд хугацаанд 5-6 хувьтай байна гэж төсөөлжээ.
Мөн ирээдүйд тулгарах гол асуудал бол экспортын хэмжээ буурах, зээлийн өсөлт буурах асуудлууд байна. Учир нь олон улсын зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурах нь экспортод нөлөөлнө гэжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байгаа, мөн урсгал дансны тэнцэл сайжирч байгаа нь нөөцийг нэмэгдүүлж байна. Хэдий тийм боловч энэ хандлага дотоодын бодлогоос үүдэж 2021 оноос саарах магадлалтай. Үүн дээр нэмээд доноруудаас орж ирж байгаа их хэмжээний санхүүгийн дэмжлэг дуусна гэдгийг анхааруулсан байна.
Үүнээс гадна цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийг тууштай хангах, санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах шаардлагатай гэж ОУВС-гийн Удирдах зөвлөл үзсэн байна.
Мөн төсвийн зөвлөлийн үйл ажиллагааг сайшаажээ. Тус Удирдах зөвлөлөөс Монгол Улс нөөцөө нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх, савлагааг бууруулах, “ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих шаардлагатай хэмээн зөвлөж байгаагаа хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Түүнчлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй зургаа дахь шатны үнэлгээг дуусгахын тулд хийж буй санхүүгийн салбарын реформыг гүйцээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Засгийн газрын өртэй холбоотой тулгарах эрсдэлүүдийг бууруулахын тулд Засгийн газар өрийн менежментийн талд идэвхийлэн ажиллах хэрэгтэй гэж үзжээ.