Баянзүрх дүүргийн прокурорын газар харьяа дүүргийнхээ 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авлаа. Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018-2019 онд дээрх газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 107 удаа бүртгэгдэж, удаа дараа арга хэмжээ авсан боловч гэмт хэрэг, зөрчил буураагүй байна.
Энэ нь “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэр бүхий баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.