Гар утас, компьютер тоглоомд бага насны хүүхдүүд донтож байгаа тухай өмнө нь бид олонтаа сонсож байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд гэрийн эзэгтэй нар дэлгэцийн донтолттой болох тохиолдол ихсэж байгааг Наркологийн үндэсний төвийн сэтгэл зүйч Ч.Гантулга хэлж байна.
-Танай төвд сүүлийн үед ямар донтолттой хүмүүс хандаж байна вэ?
-Наркологийн үндэсний төвд архи, тамхины хамааралтай хүмүүс ихэвчлэн ханддаг байгаа. Иргэдийн хувьд сайн дураараа тамхинаас гармаар байна гэсэн хүсэлтэй хүмүүс хандах болсон. Түүнчлэн сүүлийн үед дэлгэцийн донтолттой хүмүүс хандаж байна.
-Манайхан нэг хэсэг хүүхдүүдийг компьютерт донтлоо гэдэг байсан. Харин одоо бүх төрлийн дэлгэцтэй зүйлд донтох боллоо гэлээ. Дэлгэцийн донтолтын хувьд бага насныхан донтож байна уу?
-Дэлгэцийн донтолт 13-16 насныхан дунд өндөр байна. Нөгөө талаар гэртээ сууж байгаа ээж нар дэлгэцийн донд өртөх болсон. Нөхрүүд нь манай эхнэр өдөр, шөнөгүй олон цагаар зурагт үзэж, гар утсаа оролдох боллоо хэмээн хандаж байгаа.
-Дэлгэцэд донтож байгааг хэрхэн мэдэх вэ?
-Хэвийн хэмжээнээс удаан хугацаагаар гар утас, зурагт үзэх. Түүнчлэн нэг зүйл хэлэх, хоолоо ид гэх зэргээр хэлэхэд “аан за” гэх хариулт хэлсэн мөртлөө хэдэн цагийн дараа дэлгэцээ ширтэж байвал дэлгэцэд донтож эхэлсэн үг. Дэлгэц удаан ширтээд суучихсан хүүхдийн нүд гөлийгөөд, сэргэлэн биш, уруул нь омголтсон байдаг. Ер нь амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгддөг.
-Эцэг, эхчүүд хүүхдээ уйлах, өөрт садаа болохоос зайлсхийж амар тайван байхын тулд утас, таблет, зурагт үзүүлчихдэг. Энэ байдлыг өөрчлөх боломжтой юу?
-Шууд л юм үзэхийг нь боль, хэрэггүй гэхээсээ илүү аливаа зүйлийн хэм хэмжээг тааруулах хэрэгтэй. Хүүхэд л юм чинь сонирхолтой учраас болихоо мэдэхгүй үздэг. Энэ нь яваандаа зуршил болдог. Зуршил олон дахин давтагдаад ирэхээр эмгэг зуршил буюу донгийн хэлбэр рүү шилждэг. Энэ бол тун буруу. Амьд харьцааг бий болгохгүй байсаар байгаад ийм нөхцөл байдал үүсч байна гэсэн үг. Донтсон хүүхэд худлаа ярьж эхэлдэг. Мөн хүүхэд цочир ууртай, хичээл гэхээс илүү утас, компьютер рүү явдаг. Нойр нь солигддог. Унтах цагтаа унтахгүй нөгөөхөө тоглоод л, интернет ороод суучихдаг, үүнээсээ болоод нойр нь солигддог. Тиймээс хүүхдийнхээ нойрыг сайн ажигла. Мөн царай зүсийг нь анзаарч байх хэрэгтэй.
Хүүхдийнхээ хажууд цахим хэрэгслийг хэмжээ, хязгаартай хэрэглэж зөв үлгэр дууриал үзүүлэх, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх, дотно харилцаа үүсгэж, тоглож наадах нь чухал байна.
Гар утас, таблет, зурагт зэргийг бүх насныхан зохистой хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Хэт их дэлгэцээс хамаарч байвал дээрх шинж тэмдгүүд бүх насныханд ажиглагддаг байгаа.
-Дэлгэцэд донтсон хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?
-Дэлгэцэнд донтоод байна гэж үзвэл харьяа дүүргийнхээ Сэтгэц, норкологийн эмчид болон манай төвд хандаж болно. Эмчилгээний арга үе шатаасаа хамаараад зан үйл засах, танин мэдэхүйг өөрчлөх гээд сэтгэл заслын арга техникээр эмчилдэг. Манай төвөөр дамжуулан эмчлүүлсэн хүмүүс дахин донтонд өртдөггүй бөгөөд харин ч ойр тойрныхоо хүмүүст хэлж ойлгуулан эмчлүүлэхийг зөвлөдөг.