“Улаанбаатарын өдөрлөг” арга хэмжээ өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо боллоо. Энэ өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Засаг даргын Тамгын газрын агентлагийн дарга нар, төлөөлөл нар Төв аймагт зочилон ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Алтан гурванжин Хөгжлийн бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд цаашид Төв аймагтай хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төв аймаг нийслэл хот хоёр хэдэн арван жилийн турш цуг хөгжиж ирсэн. Ийм учраас ажил хэргийн уулзалтаар дамжуулан аймаг, нийслэлийн хамтын ажиллагаанд шинэ алхам нээгдэнэ гэж итгэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд маш том боломжууд байгаа. Энэ хүрээнд бид санал бодлоо солилцоо. Нийслэл хотод аймгуудын нэгдсэн худалдааны төв байгуулах бүрэн боломжтой. Нийслэлийн зүгээс газрын асуудлыг нь шийдэж өгч болно. Ингэснээр нийслэлийн иргэд ченжүүдийн гар дамжаагүй хүнс, бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломж нээгдэж байгаа юм” хэмээв.
Уг өдөрлөгийн хүрээнд Төв аймгийн иргэдэд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлд худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болсон юм.
Түүнчлэн аймгийн иргэдийн хүсэлтээр мэдрэл, зүрх судас, нүдний эмч нар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж үзлэг оношилгоо хийв. Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Зуунмод хотын хувьд 16 мянган хүн амтай иргэдийн дунд үзлэг шинжилгээ хийхэд мэдрэлийн, зүрх судас, нүдний эмч авчруулах хүсэлт ирсэн. Энэ дагуу тус бүр гурван эмч ирж, иргэдэд хоёрдугаар шатлалын үзлэг оношилгоо хийж өгч байна. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирж үзлэг хийлээ” гэсэн юм.
Төв аймгийг түшиглэн цаашид суурин хот төлөвлөлтийг байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Улаанбаатар хотын болон бусад аймгийн 12 мянган иргэн тус аймагт газар өмчилсөн байдаг байна. Иймд дээрх газруудад зам, шугам сүлжээ, дэд бүтэцийг тавьж хөгжүүлэх юм бол хотын төвлөрөлт буурах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.
Цаашид тус аймагт Улаанбаатар хотын төлөөлөл оролцсон бизнес форум, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулахаар болов.