Азийн, нэн ялангуяа зүүн өмнөд Азийн орнуудад насанд хүрээгүй охид гэр бүл зохиох нь эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан үйлдэл гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. Индонези улс насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан гэрлэлтээс хамгаалахын тулд гэрлэх насны доод хязгаарыг 19 болгож нэмсэн байна.
Тус улсын Төлөөлөгчдийн танхимын цахим хуудсанд бичсэнээр хууль тогтоогчид санал нэгтэйгээр гэрлэлтийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Одоо хэрэгжиж буй хуулинд охидын гэрлэх насны доод хязгаар 16, хөвгүүдийнх 19 байгаа юм.
Түүнчлэн хэрэв охидын эцэг эх, гэр бүл орон нутгийн эрх баригчид, холбогдох албаны хүмүүст хүсэлт гаргавал гэрлэх насны хязгаарыг үл харгалзан насанд хүрээгүй охидыг хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг байна. Girls NOT Brides түншлэлийн мэдээлснээр Индонези улс бага насны хүүхдийн албадан гэрлэлтээр дэлхийд наймдугаарт ордог.
НҮБ-ын Хүүхдийн сангийн баримтад тус улсад охидын 14 хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг бол нэг хувь нь 15 насны төрсөн өдрөө тэмдэглэж амжилгүй нөхөрт гардаг гэжээ. Үүнд ядуурал, гэр бүлийн уламжлал, нийгмийн тогтсон хэв шинж, шашны дүрэм журам зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ.
Шинэ хуулийн төсөл ойрын гурван жилд хэрэгжих хэдий ч дан ганц хуулинд найдалтгүй нийгмийн хандлагыг өөрчилснөөр насанд хүрээгүй охидыг гэр бүл зохиохоос сэргийлж чадна гэж хүний эрхийн байгууллагууд зөвлөж байна.
Эх сурвалж: www.cnn.com