Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Хванг Кё-Ан олон нийтийн нүдэн дээр үсээ хусч Засгийн газрыг эсэргүүцсэн ээлжит улс төрч боллоо. Тэрээр даваа гарагийн орой Ерөнхийлөгчийн ордны гадаа дэмжигчид болон сэтгүүлч сурвалжлагчдын өмнө үсээ хусч төрийн эрх барьж буй Засгийн газрыг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлжээ.
Тус улсын Шүүхийн сайд Чо Кук болон түүний гэр бүл авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсоныг эсэргүүцсэн жагсаалын үеэр өнгөрсөн долоо хоногт Парламентын хоёр эмэгтэй гишүүн үсээ хуссан юм. Жагсагчид Шүүх яамны сайдыг өөрийн саналаар аль эсвэл Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тушаалаар огцрохыг шаардаж байна.
Чо Кук нь Ерөнхийлөгчийн туслах, хуулийн профессороор ажиллаж байгаад Шүүх яамны сайдын албан тушаалд томилогдоод долоо хоногийн хугацаа өнгөрч байггаа юм. Гэвч Парламентын зарим гишүүд, сөрөг хүчний улс төрчид уг шийдвэрийг эрс няцааж эсэргүүцэж эхэлсэн.
Шинээр томилогдсон сайдын эхнэр хууль эрх зүйн профессор охиноо их сургуульд оруулж, тэтгэлэгтэй сургалтад хамруулахын тулд хууль бус арга ашигласан нь их сургуульд элсэн суралцаж буй, суралцах хүсэлтэй оюутнуудыг бухимдуулж байгаа юм. Чо Кук гэр бүлийнхээ гаргасан алдаанд залуу үеэсээ гүнээ хүлцэл өчсөн боловч шүүх тогтолцоог шинэчлэхийг хүсч байна гэжээ.
Үсээ хусах нь Өмнөд Солонгост жагсаалын уламжлалт хэлбэр юм. 1960-1970 оны үед цэргийн дарангуйлагчид эрх барьж байхад тэднийг эсэргүүцэгчид үсээ хусч байр сууриа илэрхийлж байжээ. Хожим 2018 онд угаалгын өрөө, хувцас солих өрөөнд нууц камер байршуулах үзэгдлийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд үсээ хусч байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com