Сири улсад иргэний дайн гарснаас хойш олон сая иргэн дүрвэж зугтсаны 3,6 сая нь хөрш зэргэлдээ Турк улсын нутагт амьдарч байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэлснээр Сирийн хойд нутаг дахь аюулгүй бүсэд дүрвэгчид эсэн мэнд амьдарч болох тул гэртээ харьж болно гэжээ.
Эрдоган Анкара хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны төрийн тэргүүн Хассан Роухани нартай уулзсаны дараа уг мэдэгдлийг хийсэн байна. Сирийн хойд нутаг, Туркийн хилийн дагуу АНУ-ын дэмжлэгтэй Курдын босогчдыг хөөсөн ба энэ бүсийг аюулгүй бүс хэмээн нэрлэж байгаа юм.
Курдуудын зүгээс Туркийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд одоогоор хариу өгөөгүй ба эсэргүүцэх нь гарцаагүй гэж эх сурвалжид дурджээ.
Турк улс Сирийн дүрвэгсдийг Европ руу зорчих хэсгийг дахин нээж магадгүй гэдгийг энэ сарын эхэнд анхааруулсан. Учир нь Сири дэх аюулгүй бүсэд дэмжлэг үзүүлэх олон улсын тусламж хангалтгүй байна гэж үзжээ. 2016 оны Европын Холбоо, Турк хоорондын байгуулсан гэрээгээр Сирийн дүрвэгсдийг Европ руу явуулахгүй байхад хатуу хяналт тавих шаардлагатай болсон юм.
Гэрээ ёсоор Европын холбоо цагаачдыг Туркийн нутаг дэвсгэрт байршуулахад зургаан тэрбум еврогийн тусламж үзүүлэх ёстой ч ердөө гурван тэрбум еврогийн тусламж ирсэн гэж Эрдоган мэдэгджээ. Гэсэн ч Европын Холбооны зүгээс 5,6 тэрбум еврог хэдий нь илгээсэн гэсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com