Италийн Ром хотод жижиг мухлаг ажиллуулдаг Бангладеш улсаас ирсэн 23 настай Моссан Расал 2,200 ам.доллар, төлбөрийн картууд, жолооны үнэмлэх, биеийн байцаалт бүхий хэтэвч олсон байна. Залуу хэтэвчийг олсон даруйдаа цагдаагийн газарт аваачжээ.
Хэтэвчний эзэн гээсэн зүйлээ бүрэн бүтнээр нь олсондоо талархаж залууд шагнал өгөхийг хүссэн боловч тэр авсангүй. Расалын хэлснээр мөнгө, эд зүйлс тэрнийх биш бөгөөд эзэнд нь буцааж өгснийхөө төлөө ямар нэг зүйл авахгүй гэжээ. Мөн хэтэвчинд хэдэн доллар байгааг ч тоолоогүй ба шударга байхыг гэр бүл маань зааж сургасан хэмээн ярьсан байна.
Расал Ром хотод долоон жил амьдарч байгаа ажээ. Шударга залуугийн ачаар хэтэвчээ олсон эрхэм Расалын ажиллуулдаг мухлагийн байнгын үйлчлүүлэгч болно гэдгээ амласан байна.
Эх сурвалж: www.bbc.com