Баянзүрх дүүргийн 26-р хороо 22 мянган оршин суугч, сургуулийн насны 5000 хүүхэдтэй. Тус хороо ямар ч цэцэрлэг, сургуульгүй учир одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд 920 хүүхдийн багтаамж бүхий 133-р сургуулийг 6,6 тэрбум төгрөгөөр барих шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 м.кв газрыг "Олимп хотхон"-ы арын талбайд олгожээ. Гэвч сургууль барих газарт нь буюу одоогийн "Олимп хотхон"-ы арын талбай дээр эзэмшлийн маргаан үүссэнээр өнөөдрийг хүртэл 133-р сургууль баригдаагүй юм.
Тиймээс 133-р сургуульд суралцах ёстой 26-р хорооны хүүхдүүдийг “Монгол тэмүүлэл” лаборатор сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллүүлсээр даруй хоёр жилийн нүүрийг үзэж байна.
Гэтэл сүүлийн үед 133-р сургуулийн газартай холбоотой маргаан дахин дэгдэж эхэлжээ. Учир нь "Олимп хотхон"-ы арын талбайг нэгэнт чөлөөлж чадаагүй учир Дүнжингарав худалдааны төвд сургууль барих газар дахин олгосон байна.
Гэвч дөнгөж сая л сургуулийн газар нь шийдэгдэж байгаа барилга хэзээ ашиглалтанд орж, хүүхдүүд нь хэзээ толгой хорогдох сургуультай болох нь мэдэгдэхгүй, ажил удаашралтай байгаагаас үүдэн 133-р сургуулийн одоогийн хичээллэж буй “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг 133-р сургууль руу шилжүүлэх асуудал яригдаж эхэлжээ. Ингэхдээ “Монгол тэмүүлэл” сургуулийг 133-р сургуулийн байранд толгой хоргодож байсан хувийн сургууль мэт ойлголтыг нийгэмд төрүүлж, тус сургуулийг хөөж гаргах тухай яриа ч гарчээ.
Улмаар шинээр олгосон гэх уг газар дээр 133-р сургуулийн барилга бус өөр хувийн сургууль баригдаж байгаа тухай ч тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Өөрөөр хэлбэл, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох үлгэрээр 133-р сургуулийг байртай болгох нэрээр БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулиа үгүй хийж оронд нь 133-р сургууль гэсэн хаяг өлгөх гэж санаархаж эхэлсэн бололтой. Харин “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа ажээ.
БСШУСЯ-ны харъяа “Монгол тэмүүлэл” сургууль бол олон улсын болон үндэсний хөтөлбөртэй улсын сургууль юм. Олон улсын хөтөлбөртэй улсын сургууль Улаанбаатар хотод гурав байдаг/Шинэ эрин, Шинэ эхлэл/-ийн нэг нь “Монгол тэмүүлэл” лаборатор сругууль юм. Тус сургуульд элсэхийг хүссэн хүүдүүд математик, англи хэлний шалгалт өгөөд тэнцвэл үнэ төлбөргүй суралцах боломжтой байдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод байдаг олон улсын хөтөлбөртэй хувийн сургуулиудын олгож буй хөтөлбөрийг “Монгол тэмүүлэл” үнэ төлбөргүй олгодог байна. Одоогоор тус сургууль 8-12-р ангийн 230 хүүхэд олон улсы хөтөлбөрийн сургалтаар хичээллэж байгаа юм байна.