Их Британийн эзэмшилд багтдаг Кайманы арлууд дахь Жон Грэй ахлах сургуулийн багш байсан Эдвард Тэд Тодд өөрийн хүч чадлыг сорихоор 17,700 км гаруй үргэлжилсэн Монгол раллиг амжилттай дуусгажээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Сибирийн Улаан-Үд хотод барианд орсон байна.
Анх 2006 онд Торгоны зам дагуу зохиогдож байсан авто ралли энэ жилийн долдугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас гараагаа эхэлжээ. Монгол раллид уралдаж буй тамирчид тогтсон зам, чиглэл байхгүй тул өргөн уудам нутаг, хээр тал, элсэн цөлийг өөрсдийн сонгосон зам, арга барилаар туулж, сүүлчийн тамирчин өнөөдөр буюу даваа гарагт барианд орох ёстой юм.
Тодд уг раллид уралдахын тулд 13 жил ажилласан багшийн ажлаа энэ хавар орхиж Чехийн Братронич тосгоноос уралдаанаа эхлүүлжээ. Тэр бараг 18,000 км үргэлжилсэн Хималайн нуруу, Монголын говь цөл, уул усыг давж туулсаар 58 хоногийн дараа барианд орсон байна.
Уг раллид уралдаж буй жолооч нарт ердөө гурван дүрэм үйлчилдэг нь нэгдүгээрт уралдаанд оролцох тээврийн хэрэгслийн моторын багтаамж 1,000 куб метрээс хэтрэхгүй байх, хоёрдугаарт багууд хандивын дансанд 1,000 фунт стерлингээс дээш хандив цуглуулах, гуравдугаарт гадны ямар нэг тусламж дэмжлэггүй бие дааж барианд орох буюу финиш хийх гэсэн заалтууд байдаг ажээ.
Тодд сургуулийнхаа хүүхдүүдэд хичээл зааж байхдаа бидний амьдарч буй арлаас гадна дэлхий дээр олон сонирхолтой тив байдаг гэдгийг үргэлж хэлдэг байсан байна.
Энэ жилийн уралдаанд 350 баг Монгол раллид оролцсоны нэг нь Тоддын “Яст мэлхий” баг юм. Уг багт Сима Гадирзадех Ашкзари, Вауксхолл Адам нар багтжээ. Тэд Монголын нутгаар дайран өнгөрч байхдаа үргэсэн мориноос унаж бэртсэн тухайгаа цахим сүлжээнд бусдад сонирхуулан байршуулсан байна.
Эх сурвалж: www.caymancompass.com