Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна” (32 years and Healing) сэдвийн хүрээнд Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд түүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Озоны цоорхойн талаархи 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2000 оноос хойш озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг судалж тогтоосон ба хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихсэж, дэлхийн дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх байсан.
Монреалийн протоколын хүрээнд Дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж байсан озон задлах бодис болон хүлэмжийн хийнүүд хэмээгдэх дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байна хэмээлээ.
Түүнчлэн Озон-Уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи нэвтрүүлэх нь Озоны давхаргаа хамгаалах хамгийн бодит үр дүн гэдгийг онцолж байв.
Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай болдог.
Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний дархлалын системийг доройтуулах, нүдний өвчлөл, арьсны хорт хавдар үүсэх, арьсыг эрт хөгшрөөх, экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдана. Мөн озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, хүнсний аюулгүй байдал алдагдах, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлүүдийг дагуулдаг. Озоны давхаргаа хамгаалахын тулд байгальд ээлтэй үе давхаргыг гэмтээхгүй “ozone friendly”, “non-CFC”, “non-HCFC” гэсэн шошготой тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, Озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу, XPS-шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхад анхаарах.