Саудын Арабын газрын тосны үйлдвэрүүд өнгөрсөн бямба гарагт удаа дараалан халдлагад өртсөний дараа дэлхийн газрын тосны үнэ огцом өсчээ. Тус улс дэлхийн газрын тосны таван хувийг бие даан нийлүүлдэг байна.
Өнөөдрийн байдлаар Brent түүхий нефтийн үнэ 10 хувиар өсч нэг баррель нь 66,28 ам.долларт хүрсэн бол West Texas Intermediate газрын тос Азийн зах зээлд 8,9 хувиар нэмэгдэж 59,75 ам.доллар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тосны нөөцөө ашиглах болсноо мэдэгдсэний дараа үнэ бага зэрэг буурсан байна.
Америкийн Засгийн газар энэ удаагийн халдлагад урьдын адил Иран улсыг буруутгаж байгаа юм. Иран улс Америк дахь эрчим хүчний хангамжийг тасалдуулах эрсдлийг бий болгохын тулд ийнхүү халдлага дайралт хийсэн гэж үзжээ. Дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэх байгууламжид нисдэг биетүүд халдсан.
Saudi Aramco компанийн мэдээлснээр халдлагын улмаас хоногт 5,7 сая баррель газрын тос нийлүүлэх үйл ажиллагаа саатсан гэжээ. Хаант улс хоногт долоон сая баррель газрын тос экспортолж, тээвэрлэдэг. Халдлагын үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй талаар мэдээлсэн боловч өөр ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: www.bbc.com