СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-16

Д.Цэнд-Аюуш: “Коко десерт” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Улсын тэргүүний 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК нь хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж түгээсэн зөрчил өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ тухай анх сургуулийн эцэг эхийн төлөөлөл school police хийх үедээ сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг Германы Henkel брэндийн барилгын дотоод засалд ашигладаг эмульс, цавуу зэргийг агуулдаг саванд хийсэн байхыг олж харж, улмаар зургийг нь авч цахим орчинд оруулсан байна. Иргэний мэдээллийн мөрөөр НМХГ-аас 84 дүгээр сургуульд хяналт шалгалт хийхэд үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын саванд хадгалж, тээвэрлэсэн нь нотлогдсон. Иймд НМХГ-аас хүнсний зориулалтын бус саванд тээвэрлэж, хадгалсан тарагнаас дээж авч лабораторын шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер (Enterobacter spp) бодис илэрсэн байна. Үүний мөрөөр үдийн цай хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлдэг “Коко десерт” компанийн үйл ажиллагааг зогсоох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

“Коко десерт” компанийн хувьд энэхүү зөрчил нь анх удаагийнх биш аж. Учир нь 2017 оны “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд “Коко десерт” компани нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх зөрчил гаргаж, тухайн үед тодорхой хугацаанд акт тавьж зөрчлийг арилгуулж байжээ. Гэтэл “Коко десерт” компани нь 10 гаруй жилийн турш энэ чиглэлээр үйлчилгээ явуулж ирсэн байна. “Коко десерт” компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанзагас “Тараг тээвэрлэсэн савыг нягталж үзэхэд ёроолдоо болон таган дээрээ “PP-5” гэсэн тэмдэглэгээтэй байсан. Энэ бол тараг, шүүс зэрэг шингэн зүйлсийг савладаг төдийгүй эм бэлдмэл, витамин зэргийг хийх хуванцар дээр тавигддаг тэмдэглэгээ байсан. Тиймээс тухайн саваар зөөвөрлөлт хийсэн” хэмээн өөрсдийгөө өмөөрсөн зүйл ярьж суух юм.

Мөнгө олж л байвал бусад нь ямар хамаатай юм гэсэн сэтгэхүйтэй бизнес эрхлэгч нарт бяцхан үрсийн ирээдүйг бодох ухамсар, хүн чанар огт байхгүй байгаа нь нэн харамсалтай. Мөн улсдаа анхны цахим сургууль хэмээн алдар нэрээ цоллодог 84 дүгээр сургуулийн удирдлага, дотоод хяналт, нийгмийн ажилтан гээд шат шатандаа өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллах ёстой хүмүүсийн ажлаа хэрхэн хийдгийг энэ үйл явдал гэрчлээд өглөө. Ингээд болсон үйл явцын талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦэндАюушаас тодруулснаа хүргэе.

-“Үдийн цай” хөтөлбөрт МХГ-аас хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? Мөн сургуулийн зүгээс тавих хяналт болон эцэг, эхийн зөвлөл гэж байгаа шүү дээ.

- МХГ-аас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд хийгдэж байна. Шалгалтын нэгдэх үе шат наймдугаар сарын 16-30-ны хооронд сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчин, багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн бэлэн байдалд шалгалт хийсэн. Хоёрдахь үе шатны хяналт шалгалтаа “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн. Энэ ажил нь есдүгээр сарын 3-16-ны хооронд хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх хяналт шалгалт юм.

Урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бага ангийн сурагчдад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ шалгалтын хүрээнд болон иргэний ирүүлсэн мэдээллийн дагуу бид 84 дүгээр сургууль дээр хяналт шалгалт явуулсан. Шалгалтаар нэгдүгээрт шаардлага хангахгүй, хүнсний зориулалтын бус саванд тараг тээвэрлэж хадгалж сурагчид өгсөн зөрчил илэрсэн. Хоёрдугаарт хэрэглэж байгаа тараг нь шаардлага хангахгүй бохирдолтой гэдэг нь нян судлалын лабораторын шинжилгээгээр нотлогдлоо. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж маань дотоодын хяналтыг байнга тавьж явах ёстой.

Гэтэл сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт өдөр тутам хяналт тавьж ажиллах ёстой тус сургуулийн дотоод хяналт буюу сургуулийн захирал, нийгмийн ажилтан, мөн бага ангийн эцэг эхчүүдийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа сул байгаагаас болж энэ зөрчил илэрчээ гэж бид үзэж байна.

- Илэрсэн энтеробактер нь ямар хор нөлөөтэй, ямар замаар халдварладаг бактер вэ?

- Хоол боловсруулах замаар халдварладаг. Энтеробактер гэдэг бодис нь гэдэсний эмгэгт хүргэгч бактер. Өөрөөр хэлбэл гэдэсний халдварт өвчин үүсгэгч. Хоол хүнсний хордлого гарч болзошгүй байсан байна.

- Зөрчил гаргасан “Коко десерт” ХХК-д ямар хариуцлага ногдуулах вэ?

- “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн байгаа.

-“Коко десерт” ХХК нь өөр сургуульд бүтээгдэхүүн нийлүүлдэг үү?

-Зөвхөн 84 дүгээр сургуульд нийлүүлдэг.

-Бусад газруудад ямар зөрчил илэрч байна вэ?

-Энэ есдүгээр сарын 16 гэхэд хяналт, шалгалтын дүнг нэгтгээд гарна. Тэр үед ямар, ямар газар зөрчилтэй байсан гэдэг бүгд тодорхой болно.

-Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хуванцар савыг хэрэглээнээсээ хасахыг нийгэм даяараа уриалаад байгаа. Гэтэл ийм савыг иргэд түгээмэл хэрэглэж, хүнсний зүйл хийгээд байх юм. Энэ тал дээр МХГ-аас хэрхэн анхаарч байна вэ?

- Хүнсний зориулалтын сав гэдэг чинь тусдаа байх ёстой. Барилгад ашигладаг савыг хүнсэнд ашиглаж болохгүй. Мөн хөдөө, орон нутгийн иргэд маань химийн бодисын цэнхэр саванд айраг, сүү гээд цагаан идээ хийдэг зөрчил түгээмэл байна. Энэ мэт зориулалтын бус хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хийж хэрэглэсээр хоол боловсруулах замын өвчин үүсэх магадлалтай. Хавдар үүсэх гол хүчин зүйл нь болоод байна гэдгийг ч ДЭМБ болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд мэргэжлийн байгууллагууд хэлээд байна шүү дээ.

Мөн хуванцар шанаганы асуудал байна. Энэ нь полимер нэгдэл учир дулааны задралын нөлөөгөөр гинжин урвалд орж улмаар завсарын бүтээгдэхүүнүүд болох деоксидент гэх мэтийн бодис ялгарч тухайн бүтээгдэхүүнтэйгээ урвалд ордог. Үүний улмаас тухайн бүтээгдэхүүний чанарыг нь муутгах, хоол боловсруулах замын буюу хавдар үүсгэх нөхцөл нь бүрдээд байна гээд яриад байна. Бид гол нь зориулалтын саваа хэрэглээчээ гэж зөвлөөд байгаа юм. Хуванцар савыг хэрэглэхдээ гол тэмдэглэл, тэмдэглэгээг нь анхаарахаас гадна хэдэн градуст ямар бүтээгдэхүүн хадгалах ёстой вэ гэдгийг сайтар харах хэрэгтэй. Жишээлбэл, ундаа шүүс хадгалах зориулалттай байхад хүнсний сав гээд халуун хоол хийж зөөвөрлөх нь олонтой. Гэтэл энэ нь түрүүний хэлсэнчлэн дулааны нөлөөгөөр урвалд орж задралын процесс явагдаж байдаг.

Ц.Байгалмаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.