СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжтай юу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.НАМУУНТАМИР, Б.БАЯРЖАВХЛАН

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.

Ээлжит хэлэлцүүлэгт судлаач Ц.Буянцогтоо, Үндсэн хууль судлаач Г.Нороврагчаа, МАХН-ын Мянгатын дарга Ё.Бямбатогтох, улс төр судлаач Б.Пүрэвдорж, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар оролцож“Энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжтай юу”сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Үндсэн хууль судлаач Г.Нороврагчаа: МОНГОЛЫН ДАЙСАН НЬ МОНГОЛЫН ТӨР ӨӨРӨӨ БОЛЧИХООД БАЙНА

-Үндсэн хуулийн өөрчлөлт анхнаасаа мордохын хазгай гэгч болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд нь өөрөө Үндсэн хуулийн 25.6, 68.2 заалтыг зөрчсөн. Үүгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль бус үйлдлүүдийнхээ эхийг тавьсан.


-Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг биш, харин шинэ Үндсэн хууль боловсруулах шаардлагатай.


-Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд, төрийн түшээдэд хариуцлага тооцдог, төр шиг төртэй болохыг л ард түмэн хүсч байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол Монгол төрийг луйвар хийх талбараа болгож хувиргах гэсэн оролдлого. Монголын дайсан нь Монголын төр өөрөө болчихоод байна.


-1992 оны Үндсэн хуульд эрхэм зорилгодоо нийцүүлэн иргэний төлөө, төрийн хуваарилалтыг хийж, төр, засаг хоёр холилдож болохгүй шүү гэдэг сэрэмжлүүлгийг оруулж өгсөн байтал 2000 онд дур мэдэн Үндсэн хуульд халдан, дордохын долоон өөрчлөлтийг оруулж 1992 оны Үндсэн хуулийн амин сүнсийг тасласан.


-УИХ-ын гишүүд өөрсдийгөө халдашгүй дархан эрхтэй болгосон, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй болсон. Ард түмнийг төлөөлж сонгогдсон хүн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Өөрсдөдөө ашигтай заалтыг Үндсэн хуульд нэмдэг хүмүүс ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан өөрчлөлтийг хийж чадахгүй.

МАХН-ын Мянгатын дарга Ё.Бямбатогтох: ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

-Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсэн үү гэвэл үүссэн. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж байсан, баталсан хүмүүсийн хувьд хэрэгжилтийг нь гэгээлэг байдлаар харж байсан байх. Тухайн үед нийгэм, хүмүүсийн ёс зүй өндөр түвшинд байсан. Жишээ нь байгалийн баялаг төрийн мэдэлд байна гээд заачихсан. Гэтэл хэдхэн луйварчин төрийн өмч гэх нэрийг ашиглан цөөхөн хүнд ашигтай байдлаар ашиглана гэдгийг тухайн үед тооцоолоогүй.


-Одоогийн эрх баригчдын хийж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Үндсэн хууль гэдэг нь нийгмийн суурь харилцааг зохицуулдаг эрх зүйн баримт бичиг атал хуулийн төсөлд иргэний эрх ашгийг хамгаалсан заалтууд алга.


-Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Түүнээс биш эрх мэдэлтнүүдийн эрхийг хамгаалах, хадгалах зохицуулалт хэрэггүй. Одоогийн энэ төсөлд эрх баригчид өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан, гааруулсан заалтуудыг оруулах гэж байна.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх биш, Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй гэсэн зохицуулалт бий. Анхнаасаа хууль зөрчөөд хоёр төслийг хэлэлцсэн.


-Хүч түрэн орж ирж байгаа энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийт дэмжихгүй бол яах вэ. 20 гаруй тэрбум төгрөгөөр санал асуулга явуулаад ард түмэн дэмжихгүй бол УИХ хариуцлагаа үүрээд тарах ёстой.

 

Судлаач Ц.Буянцогтоо: “ПАРЛАМЕНТЫН ХОЁР ТАНХИМТАЙ БАЙХ ЁСТОЙ”

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө тусгаар улсдаа хөгжил цэцэглэлтийг авчрах байдлаар өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол ач холбогдол багатай байна.


-Төрийн эрх мэдлийн талаар маш том гажигтай нэмэлт өөрчлөлтийг оруулж байна. Тэр хууль батлагдвал төрийн тогтвортой байдал алдагдана.


-1992 оны Үндсэн хуульд засаглалын талаарх гажиг байна. Парламентаасаа Засгийн газрыг томилдог энэ хэлбэрийг парламентын засаглал гэнэ. Гэхдээ гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглал бол төрийн тулгуур. Хүчний хувьд тэнцүү бие биеэ хянадаг байх ёстой.


-Парламентын засаглал Англиас гаралтай. Парламентаас сонгогдсон Засгийн газар нь эргээд парламентаа тараах эрхтэй, хугацаанаас нь өмнө. Энэ бол бараг бүх парламентын засаглалтай улсад байдаг. Харин манайх 1992 оны Үндсэн хуульдаа тусгаж өгөөгүй. Үүнийг засах хэрэгтэй.


-Парламент хүчтэй байна гэдэг нь хамгийн муу засаглал бий болж байна гэсэн үг. Тиймээс манайх хамгийн муу онолоор нь явж байна.


-Парламентыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тараадаг хувилбар нийтлэг байдаг. Парламентын засаглалд заавал байх ёстой. Гэтэл яагаад үүнийг хөндөхгүй байна вэ.


-1992 оны Үндсэн хууль төрийн хуулийн хүчийг сулруулах Үндсэн хууль байсан. Цаг үе нь тийм байсан. Үүнийг засах ёстой.

Улс төр судлаач Б.Пүрэвдорж: “ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГТЭЙ”

-Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мордохын хазгай болсон гэдэгтэй санал нэг байна.


-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий. Гэхдээ төрийн нэр барьж хулгай хийдэг нүх сүвийг хаах хэрэгтэй.


-Байгалийн баялгаасаа ард түмэн хувь хүртдэг байх ёстой.


-Мөнгөний сонгуулийг болиулах, ард иргэд эх орондоо сайхан амьдрах, гадаадад боолын хөдөлмөр эрхлэхгүй байх заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй. Дээрх зүйлсийг тусгахгүй бол өөрчлөх хэрэггүй.


-2000 оны дордохын долоон өөрчлөлтөөр төрийн үүрэг зориулалтыг болохоо байлгасан гэж байна. Энэ нь парламент хуулиа тогтоодог. Гадаад дотоод бодлогынхоо үндсийг тогтоодог байсан. Мөн хуулийн засаглалаар Монгол Улсыг удирддаг ийм байгууллага. Тэгэхээр тэнд мэдлэг чадвартай, салбар бүрийн сайн хүмүүс орж суух газар. Гэтэл 2000 оны өөрчлөлтөөр давхар дээлтэй байхыг хуульчилсан. Үүнээс үүдэн хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх байгууллагатайгаа холилдсон.


-Томилгооны маш их асуудал гарсан. Ашиг сонирхлын төлөө хамтардаг зүйл бий болсон.Үүнд нь ард иргэд дассан.


-Засгийн газар олон удаа солигдсон. Гэхдээ ард иргэд босч, тэмцээд унагасан зүйл байхгүй. Зүгээр бүлэглэлүүд хоорондоо дайтаад унагадаг байсан. Иймээс томилгооны эрх мэдлийг хураах ёстой. Хууль тогтоох эрх мэдлийг нь үлдээх ёстой.

“Босоо Хөх Монгол” ТББ П.Шинжээравдан: “ШҮҮХ АРД ТҮМНИЙ ХАРААТ БАЙХ ЁСТОЙ”

-Засгийн эрхийг хууль бусаар авсан хүмүүс Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй. 60 тэрбумын схемийн хэргээ хүлээгээд М.Энхболд огцорсон шүү дээ.


-2000 онд засгийн 72 суудлыг аваад долоо дордуулсан. Түүнийг яагаад ярихгүй байна вэ. Долоо дордуулсан зүйлээ сайжруулахын оронд яагаад Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна вэ. Хийх өөрчлөлт нь өнөөдрийн нийгмийг хүндрэлээс гаргаж чадах уу?


-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Бүх ард түмний сонгууль хийх ёстой.


-Ард иргэд эх орондоо эзэн байхыг л хүсч байна. Өөрийнхөө нутаг орныг харийнхнаас харамлан шүүхдэлцээд явж байна, ийм л эмгэнэлтэй болсон байна.


-УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрх гэж ярьж байна. Харин ямар үүрэг хариуцлага үүрэх ёстой юм тэр тухай заалт оруулах хэрэгтэй. Жирийн ард иргэдээс төрд байгаа хүн хоёр дахин илүү хариуцлага хүлээх ёстой.


-Шүүх ард түмний хараат байх ёстой. Шүүхийн тал дээр урд хөршөөс туршлага судлах хэрэгтэй.


-Монгол Улсын байгалийн баялаг, газрын хэвлий зэрэг асуудал ард түмний мэдэлд байх ёстой. Байгалийн баялгийг өмчийн хэлбэрт оруулж болохгүй.


-Хулгайч, луйварчин, ЖДҮчин гээд ийм ёс суртахуунгүй хүмүүсээр бид Үндсэн хуулиа оролдуулаад суудаг хүмүүс биш. Ард түмэн ухаараад сэрээд эхэлсэн.

 

2019.9.16 ДАВАА №183 (6150)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.