Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас дараах тодруулгыг авлаа.
-Замын хөдөлгөөн тэг зогсолт хийлээ. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хот ямар ажил хийж байна?
-Замын түгжрэл ганц өнөөдөр үүсчихээгүй учир арилгахын тулд цогц шийдэл хийх талаас харж байна. Мэдээж нэмэгдүүлэхгүй байх тал дээр дугаарын хязгаарлалт, зарим хөдөлгөөний зохицуулалтыг хийж байна. Гэвч энэ урт хугацааны шийдэл биш.
Өдөр болгон хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо нэмэгдэж байна. Сард 60-70 мянган машин нэмэгдэж байна. Энэ бүхэнд уялдуулаад бид хаана ямар зохицуулалт хийж болох талаар судалгаа авч байна. Замын хөдөлгөөний бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар ажиллаж байна. Үүний хажуугаар нийтийн тээврийн цогц шийдлийг бий болгох гэж зорьж байна. Өдөр ирэх бүр нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн тоо багасч байна. Тэр хэрээр орлого нь ч буурсан. Тиймээс нийтийн тээврийн парк шинэлчлэл хийе, стандарт үйлчилгээг сайжруулъя. Мөн төв зам дагуу цахилгаан соронзон галт тэргийг явуулъя. Алслагдсан гэр хорооллын иргэд рүүгээ дүүжин тээврийг нэвтрүүлэх гээд ТЭЗҮ нь хийгдээд дуусч байна. Ойрын 1-2 жилийн дотроо хийнэ.
Мөн Дэнжийн 1000-Яармаг, Шинэ, хуучин нисэх хүртэл хурдан автобус явуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-255 сая доллараар 10 000 айлын орон сууц барих асуудал яригдсан. Гэвч хот хувийн хэвшлийнхний ажлыг булааж байна гэж барилгын салбарынхан үзэж байна?
-Хувийн хэвшлийн ажлыг булаах гэж байгаа юм биш. Хувийн хэвшлийнхэн барилга барьдаг. Барилга нь борлуулагдахгүй байгаа шалтгаан нь ипотекийн зээлд иргэдийг хамруулдаггүйтэй холбоотой.
Харин 10 000 айлын орон сууц төслийн ялгаа нь 10 000 яндан буулгана. 10 000 айлын гэр хорооллын хашаа байхгүй болсон байх ёстой. Гүйцэтгэгч нь хот биш хувийн хэвшил. Хувийн хэвшил барьсны дараа хот худалдаж авна. Ингэснээр ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй, барьцаагаа төлж чаддаггүй иргэд түрээслээд өмчилж авдаг журмаар явна.
Баянхошуу, Дэнжийн мянга, Сэлбэ, Дамбадаржаа гэсэн газрууд дээр орон сууцны ногоон хөтөлбөр хэрэгжээд явна.