Шинэ долоо хоног эхэлснээс хойших 5 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст авто осолтой холбоотой нийт 1315 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, есөн хүний амь нас хохирсон байна. Ослын улмаас найман хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, хоёр хүүхдийн амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Есдүгээр сарын 09-ний өдөр 17.10 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир 1-р баг шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч Л нь явган зорчигч 1.5 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон, мөн өдөр 14.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “Зэгстэйн Булаг” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Э нас барсан байна.
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр зургаа, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурван осол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.