Жил бүр сурагчид сурах бичиггүйгээр хичээллийн шинэ жилийг эхлүүлдэг боллоо. Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн сурах бичгийг 100 хувь төрөөс дааж байгаа бол дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэхээр болсон.
Ингэснээр сурах бичгийг гар дээрээс худалдаалахгүй, сурагч бүр хямд зардлаар сурах бичигтэй болно гэж үзсэн. Гэвч хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хоног болоод байхад түрээслэх сурах бичиг хэвлэгдээгүй, сургуулиуд хуучин сурах бичиг болон тараах материал ашиглан хичээлээ зааж байна.
Хэвлэгдэх номын хувьд одоо ашиглаж байгаа сурах бичгээс агуулга, хөтөлбөрийн зөрүүгүй тул багш нар нөөцөд байгаа номноос заах, тараах материал зэргийг ашиглаж байгааг сурагчид дурдаж байлаа.
Энэ жилийн жилд 6-12 дугаар ангийн 181 мянган сурагч сурах бичгээ түрээслэх болон худалдаж авах тооцоо гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр найман тэрбум төгрөгөөр 95 төрлийн 2.6 сая ширхэг ном хэвлэх юм байна. Ингэснээр эцэг, эхчүүдийн сурах бичигт зарцуулах мөнгө 2-3 дахин багасна гэсэн тооцоог Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан. Нэг хүүхэд суралцаж буй ангиасаа хамаараад 12-18 сурах бичиг ашигладаг байна.
Нэг сурагч түрээсийн сурах бичгийн төлбөрт дунджаар 9,000-18 мянган төгрөг зарцуулах юм. Уг түрээсийн төлбөрөө боловсролын яамны санд төлөх бөгөөд уг мөнгийг дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулах юм.