Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 15-нд “Автомашингүй өдөр” болох тул Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлахаар болжээ. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн энэ сарын 14, 15-нд Д.Сүхбаатарын талбайд болох “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгт 40 гаруй ААН, байгууллагууд оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулах юм.