Б.ДАМДИН-ОЧИР
ЗГХЭГ-ын даргын ажлыг хэлтэй, амтайхан хийж явсан Г.Занданшатар энэ оны эхээр гэнэтхэн УИХ-ын дарга болов. Энэ явдал олныг ангайлгасан. Учир нь Г.Занданшатар УИХ-ын дарга болсон нь хэний ч зүүдэнд орохооргүй явдал байсан юм.
Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг М.Энхболдын дараа УИХ-ын дарга болно гэж яригдаж байлаа. Гэвч ийм л юм болсон. Ингэж 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга Г.Занданшатар болсон юм.
Г.Занданшатар УИХ-ын дарга болонгуутаа ээлжит бус чуулган зарлаж, Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгч, АТГ-ын даргыг чөлөөлдөг хуулийг батлуулсан. Өнөөдөр шүүх хэврэгшиж, шүүгчид айдастай өдрүүд үргэлжилж байна. АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор ч ялгаа байхгүй.
Удалгүй, зургадугаар сараас УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж эхлэв. Наадмын дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьж, УИХ өөрсдийнхтэйгээ нийлүүлж байгаад хэлэлцсэн. Батлахын даваан дээр “…Ард нийтийн санал асуулга явуулъя” гэдэг юм яригдаад гацчихав. Бас энэхүү Ард нийтийн санал асуулгыг явуулахад, 20-30 тэрбум төгрөг зарцуулъя гэж гишүүд ярьж байна. Яг үнэндээ 20-30 тэрбум төгрөгөөр ард нийтээс асуулт асууна гэдэг явцгүй санаа юм. Ард түмэн энэ санааг дэмжихгүй байна. Тэгээд ч санал асуулга явуулахаар шийдвэл 20-30 тэрбум төгрөгөөр МАН-ын сурталчилгаа л хийгдэнэ гэсэн үг. Олон нийт үүнийг олоод харчихсан л байна.
Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан бол Г.Занданшатар түүхэн УИХ-ын дарга болох байлаа. Гэвч Ц.Нямдорж сайдын санал дэмжигдсэнээр МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах эсэхдээ эргэлзэж орхисон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөлтийг МАН-ынхан өөрсдөө зогсоов. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал үндсэндээ зогсчихоод байна.
Түүнчлэн энэ бүхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар буруутай гэх хандлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс сүүлийн үед гаргах болсон байна. Яагаад гэвэл УИХ-аар хууль хэлэлцэх бүх ажиллагаа УИХ-ын дарга Г.Занданшатартай шууд холбоотой. Тэрээр гишүүдийнхээ ирцийг ч бүрдүүлж чадахгүй удсан. Хуралд нь ирүүлж чадахгүй байгаа дарга гишүүдээ барина гэж яагаад ч байхгүй. Тийм болохоор Үндсэн хуулийн төслийг унагасан “хэрэг”-ийг намынхан нь УИХ-ын дарга дээр тохож байх шиг байна. Тэгэхээр Г.Занданшатарын даргалсан УИХ лав Үндсэн хуулийг өөрчлөхөөргүй болж байх шиг байна.
Харин одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнө тун хүнд найман сар үлдлээ. УИХ нь бүрэн бүтнээрээ 2020 оны сонгуультай золгоно гэдэг хэцүү болсон. Хэрэг түвэг, асуудал нь хүндэрсэн олон гишүүн бий. Удахгүй хэд хэдээрээ гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын санал УИХ руу хөвөрнө. Бүгдийг хамгаалаад авч үлдэнэ гэдэг УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд тун хүнд, ер нь бол чадахгүй. Ингэхгүй гээд бүрэн эрхийг нь цуцлаад явуулаад байвал УИХ-ын нийт гишүүдийн талаас илүү нь явах болно.
Хамгийн том нэг асуудал байгаа. МАН-ынхан дахиад хөлөө жийлцээд эхэлсэн. Энэ удаад өмнөх шиг хоёр тал биш, бүр гурав, дөрвөн талд үзэж байна. Засгийн газар унаж магадгүй нөхцөл үүссэн. УИХ-ын даргыг огцруулах асуудал ч бас яригдаж байна. Оронд нь очих хүний нэр яригдаж эхэлснээс харахад Г.Занданшатар гэнэт энэ албан тушаалд очсон шигээ гэнэтхэн буучихаж мэдэхээр л байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараах талаар дээр дооргүй ярьдаг боллоо. Энэ хандлага сүүлийн үед улам биежиж байна. Засгийн газрын зарим гишүүн хүртэл үүнийг ил цагаан хэлээд сууж байдаг болсон. Ингэж ярих шалтгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө тарьсан байгаа юм. Тэрээр 2019 оны тавдугаар сарын 24-ний чуулган дээр “…Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж ярьсан. Тэр үгийг нь одоо өөрт нь хэлэх хүн цөөнгүй гарч ирж байна.
УИХ, түүний даргын хувьд ийм “саарал” өдрүүд үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар журмын нөхөддөө шаг мад тавиулчихаад сууж байна. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Г.Занданшатар огцорч, аль эсвэл УИХ тарж мэднэ. Мад тавиулна гэдэг нүүдэл байхгүй гэсэн үг билээ.
2019.9.13 БААСАН №182 (6149)