Энэ долоо хоногийн эхэнд НҮБ-аас 2018 онд дэлхийн дулаарал цельсийн 1,5 хэмээр нэмэгдсэн тухай мэдээлсэн. Харин өнгөрсөн таван жилийн дунджаас нэг хэмээр дулаарсан байна. Мэдээж хэрэг дэлхийн цаг уур дулаарснаар хэт халах, үер усны аюул газар авах, ган гачиг тохиох, олон сая хүн өлсгөлөн ядууралд өртөх гэхчлэн нүдэнд харагдах аюул олон. Харин дэлхийн дулаарал нүдэнд харагддаггүй чимээгүй аюулыг хүн төрөлхтөнд авчирж байгааг Массачусетсын Технологийн Институтийн Медиа лабораторийн хийсэн судалгаагаар харуулжээ.
Судлаачид АНУ-ын 2 сая иргэний сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийг 2002-2012 оны хоорондох цаг уурын өдөр тутмын мэдээтэй нэгтгэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх арван жилд цаг уур иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байсныг харьцуулжээ.
Эхлээд гуч хоногийн цаг агаарын байдлыг сэтгэцийн байдалтай харьцуулахад илүү халуун ба хур тунадас их хэмжээгээр орох үед хүмүүсийн сэтгэцэд асуудал гарах болсон байна. Сар бүрийн агаарын дундаж температур цельсийн 25-30 хэм хүрэхэд сэтгэцийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлт 0,5 хувиар өсчээ.
Дараа нь судалгаанд хамруулсан хугацаагаа сунгаж таван жилийнхийг харахад энэ хугацаанд дунджаар цельсийн нэг хэмээр дулаарахад судалгаанд хамрагдсан иргэдийн сэтгэцийн хямрал хоёр хувиар өссөн байна.
Эцэст нь судлаачид Катрина хар салхинд өртсөн иргэдийн сэтгэцийн байдлыг судалжээ. Хар салхинд өртсөн иргэдийн мэдээллийг хар салхинд өртөөгүй бүсийнхтэй харьцуулсан байна. Ингэхэд Катрина хар салхинд өртсөн хүмүүсийн сэтгэцийн өөрчлөлт дөрвөн хувиар өссөн байжээ.
Түүнчлэн бага орлоготой, сэтгэцийн эмгэгтэй, эмэгтэй хүмүүст цаг уурын өөрчлөлт тун эмзэг тусдаг болохыг судалж мэджээ. Судалгааны ажлыг нэгтгэн дүгнэвэл “Дэлхийн цаг уурын өөрчлөлт иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд, тэр дундаа эмэгтэйчүүд, ядуу буурай хүмүүсийн сэтгэцэд нөлөөлдөг” болохыг олж тогтоов.
Эх сурвалж: www.cnn.com