Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартаг! хэмээх үгийг суурин дээр нь сийлж, дээр нь “Цаазын ялгүй Монгол- No to death penalty” гэсэн бичиг бүхий ханан дундаас эрх чөлөө, гэрэл гэгээнд тэмүүлж буй хүний дүрстэй “Хэлмэгдэгсдийн хөшөө”-д жил бүрийн 09-р сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 21 жилийн нүүрийг үзэж буй. Өнөөдөр/2019.09.10/ тэр өдөр. Энэ удаад буюу энэ жил санаатай гэхүү санаандгүй гэхүү “Цаазын ялгүй Монгол- No to death penalty” гэсэн үгээ тасар татуулсан хөшөөнд хэлмэгдэгсэд цэцэг өргөв.
Зарим хүний төдийлөн анзаараагүй “тасар татуулсан” “Цаазын ялгүй Монгол” гэх энэ үгийг ҮГ төдий гэж бодвол төдийлөн ач холбогдолгүй мэт боловч улс төрч судлаач, шүүмжлэгч, ардчилсан нийгмийг хүсэмжлэгч нарын хувьд маш том утга санааг илэрхийлэх ажээ.
Учир нь “цаазын ялгүй байх”-ыг ямагт уриалж, дэлхий дахинд хүртэл тунхагладаг асан Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тэрсэлдэн орыг нь “булаасан” өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирснээс хойш уг бичиг "алга болсон"-оор/ “Цаазын ялгүй Монгол- No to death penalty”/ барахгүй, эргээд цаазын ялыг сэргээх асуудал ч сөхөгдөх болсон гэх.
Мэргэн уншигчид санаж буй бол эрхэм ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хүчирхийлэгчийг цаазаар авдаг байх хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж ирж байсан цаг саяхан билээ...Үүнтэй зэрэгцээд саахь үг алга болсон ч байж мэдэх. Ямартай ч өнөөдөр алга.
Энэхүү харьцуулалт зургаар, “Цаазын ялгүй Монгол- No to death penalty” үгийг санагалзахын учир - бид ардчилсан, эрх чөлөөт, цаазын ялгүй нийгэмд амьдарч буйгаа ухаарах гэхдээ басхүү энэ үнэ цэнээ алдахгүй байх гэсэндээ юм.
Бид “цаазын ялтай” байхдаа буюу 1922 оноос эхэлж 1939 оныг хүртэл үргэлжилсэн “ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ”-ийн гашуун он жилүүдэд 45000-55000 сэхээтнээ хөнөөж, шороонд булшилсан түүхтэй. Зарим эх сурвалжууд энэ тоог 100000 хүн гэсэн тооцоог ч гаргасан байдаг. Энэ бол тухайн үеийн нийт монголчуудын 8-13% нь хэлмэгдэн хороогдсон хэрэг. Энэ хар дарсан өдрүүдийг давтаж бид “цаазын ял”-тай, хэлмэгдүүлэлтийн он жилтэй болохвий гэсэн болгоомжлол бийн учир...
Зарим судлаач, шүүмжлэгчдийн үзэж буйгаар өнөөдөр монголчууд бид ардчиллын үнэ цэнийг умартаж, эрх чөлөөт нийгмээсээ ухралт хийж, дарангуйлагч нийгмийг хүсэмжлэх болжээ. Үүний нэгээхэн илрэл нь ерөнхийлөгчийн засаглалтай болох, ганц сайн удирдагчтай байх нь улс оронд хөгжил авчрах мэт санал, санаачилга, уриалга гарах болсон билээ.
Гэвч энэ бидний хүссэн нийгэм, хүссэн хөгжил, хүссэн ирээдүй мөн гэж үү?
2019 оны 09-р сарын 10. Хэлмэгдэгсдийн хөшөө
2016 оны 09-р сарын 10. Хэлмэгдэгсдийн хөшөө. "Цаазын ялгүй Монгол-No to death penalty"