УИХ-ын гишүүн Я.Санжмятав Ард нийтийн санал асуулгын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "УИХ-ын 75 гишүүний 64 нь МАН-ын гишүүд. Энэ улс дотроо учраа олж чадсангүй. Нам шиг байж, бүлэг шиг байж чадалгүй амь аргацаасан өөрчлөлт хийх гээд байна" хэмээлээ.
Мөн цааш нь,
-Миний хувьд МАН-ыг завсарлага аваач хэмээн олон удаа шаардсан. Ядаж энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрэхдээ ард түмнээсээ санал асууя гэсэн зүйлээ хийгээч гэж хүсэж байгаа юм.
Эцсийн эцэст бусад нам эвсэл, Ерөнхийлөгчийн саналыг тусгахгүй байсан нь өөр өөрийнхөө хөлөнд орооцолдоод уначихлаа шүү дээ. Одоо бол Ард түмнээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэж асуугаад хэрэггүй. Ард түмэн бол өөрчлөхийг хүсэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн чухал хэд хэдэн зүйл дээр ард түмнээс санал асуулга явуулах хэрэгтэй. Тухайлбал, Парламентын засаглалтай байх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг ард түмэн шийдсэний дараа хуулиндаа өөрчлөлт оруулж болно.
Өчигдөр бүлгийн хурал дээр Ард түмний санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулах талаар яригдсан. Мэдээж төсөв мөнгө гарах ч аль болох танах хэрэгтэй. Ард түмний санал асуулгыг 29 тэрбумаар явуулах гэж байна гэх үндэслээр санал асуулгыг явуулахгүй байх нэг арга байж болох юм.