МАХН, ИЗНН, МНН, АТОЗН, ЭОНН, МХТН зэрэг 17 намын дарга нар Үндсэн хуулийн шинэчлэл зогссон учир Ард нийтийн санал асуулга гэж байхгүй хэмээн өнөөдөр мэдэгдлээ. Тэд "Үндсэн хуулийн халдлагаа зогсоо, шинэ Үндсэн хууль хэрэгтэй" гэсэн уриалгыг хэлж мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАН-ынхан Ерөнхийлөгчийг гуйж байгаад энэ төслийг боловсруулсан
-ҮХНӨ гэж хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын гишүүдийн хугацааг нэмнэ, тоог нь нэмнэ гэж оролдоод уналаа. Намын тогтолцоог өөрчлөх гээд бүтэлгүйтлээ. Эд нар мундагтаа биш. Сэтгүүлчид, ард түмэн шүүмжилсэн учир ичсэн нүүрэндээ саналаа унагалаа. Ерөнхийлөгч өчигдөр төслөө татаж байгаагаа мэдэгдлээ. Болохгүй юмнаас өөрийгөө татаж авч байна гэж ойлгох хэрэгтэй.
Анхнаасаа хоёр төсөл хэлэлцэж, хууль зөрчсөн. Энэ хоёр нэгдээд, нэг төсөл боллоо гэж бодъё. Гэтэл Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа. Ингэхээр одоо хэлэлцэх төсөл байхгүй болж байна. Төсөлд байхгүй юмыг юун санал асуулга руу оруулах гээд байгаа юм бэ?
Үндсэндээ завхарсан ажил нь дуусч байна гэж ойлгох хэрэгтэй. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мэдээллийг та бүхэн сонссон байх. "Манай намын гишүүд Ерөнхийлөгчийг гуйж байгаад энэ төслийг боловсруулсан юм" гэсэн. Ерөнхийлөгч рүү УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эсвэл Үндсэн хуулийн ажлын хэсэгт байгаа ТББХ-н дарга С.Бямбацогт нарын л нэг орж гуйж таарна. Анхнаасаа заваан хуйвалдаан болсон гэсэн үг. Харин энэ заваан зүйлээс Ерөнхийлөгч гарч байна. Одоо Ерөнхийлөгч шинэ үндсэн хууль санаачлах хэрэгтэй.
Ард түмний олонхийн засаглалын намын дарга Ц.Нарангэрэл: Хувьсгал хийх цаг болсон
-Хувьсгал хийх ёстой болсон. Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн гуайн хэлснээр "УИХ-ын гишүүдийн 60 нь гэмт хэрэгт холбогдсон. Парламентийг тарааж, шинэ бүтцийг бий болгоё.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн ясыг барилаа
-Үндсэн хуулийн өөрчлөлт гэж наймаа, хууль зөрчсөн, хуйвалдсан зүйл боллоо. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа улс төрийн байгуулалтын таван зарчмыг огт хэрэгсээгүй. МАН ганцаараа хүч түрэн батлах гэсэн оролдлого нь одоо замхарч байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн эхийг бус ясыг барилаа.
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Үндсэн хуулиа хэлмэгдүүллээ
-Одоогийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт байтугай хуулийг хийж чадахгүй байна. Үндсэн хуулиа хэлмэгдүүллээ. Сая Ерөнхийлөгч нь төслөө татаж авснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай ойлголт одоо зогссон. Одоо бүр хэлмэгдүүлэлтийн технологи бий болсон байна шүү дээ. Эхлээд хэвлэл мэдээллээр баахан худал мэдээлэл цацаж цацаж байгаад дараа нь ялладаг. Тиймээс энэ хэлмэгдүүлэлтээс ангижрахын тулд, нийгэмд шударга ёс тогтоохын тулд бид нэгдэж байна.
ИЗНН-ын дарга Ганхуяг: Мухардалд орлоо
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо. Энэ бол 2016 оны сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн МАН бэлэн бус байгааг харуулж байна. 1992 оноос хойш ямар өөрчлөлт оров. Иргэд эрх тэгш амьдрал, амгалан тайван амьдралыг л хүсч байна. Гэтэл Ардын намынхны зорилго иргэдийн хүслээс огт өөр буюу сандал суудлын төлөө, хэн нь эрх мэдэлд хүрэх вэ гэсэн өрсөлдөөн байсан нь бүтэлгүйтлээ. Ингэснээр бид эрх баригчдын жинхэнэ нүүр царайг харлаа.