АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон болон түүний гэргий Хиллари Клинтон нар нэр хүндтэй улс төрч гэр бүл. Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болон түүх бүтээхэд тун ойртсон чадварлаг Ардчилсан намын гишүүн.
Тэд улс орноо бүтэн тойрох “Клинтонынхонтой үдэш” аялал хийхээр төлөвлөсөн байна. Экс Ерөнхийлөгчийн гэр бүл 2018 оны сүүлээс тойрон аяллаа эхлүүлж 2019 он хүртэл үргэлжилнэ гэжээ. Аяллыг алдарт Лайв Нэйшн компани продюссерлэж, улс төрч гэр бүлийнхэнтэй чөлөөтэй ярилцах боломжийг иргэдэд олгоно. АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, Сенатын гишүүн гээд улс төрийн бараг бүхий л чухал албыг хашиж байсан гэр бүлийн өнгөрсөн түүх ба ирээдүйн хүсэл тэмүүлэл маш ховор агшныг бүтээнэ гэж аяллыг сурталчилжээ.
Аялал Лас Вегас, Невадагаас эхлэн Торонто, Монтреаль, Техас хүрнэ. Оны гарсны дараа хавар Нью-Йорк, Мичиган, Вашингтон, Калифорни зэрэг нилээд олон мужид үргэлжилнэ. Тэдэнтэй ярилцах үдшийн тасалбар муж бүрт харилцан адилгүй үнэтэй, дунджаар 70 доллар. Харин хамгийн үнэтэй нь Техаст 699 доллар юм байна.
АНУ-ын Ардчилсан намынхан Бүгд найрамдахчуудаас нэр дэвшсэн Дональд Трампад Ерөнхийлөгчийн суудлаа алдсан ч хүчирхэг хэвээрээ гэдгийг Клинтоны гэр бүлийн тойрон аяллаар харуулна гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: www.cnn.com