“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээ есдүгээр сарын 05-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав хот, Тунляо хотуудад зохион байгуулагдаж байна. БНХАУ-Монгол Улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах, Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод болж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчид хамгийн багадаа дөрвөн сая, түүнээс дээш хэмжээний борлуулалтыг экспоны үеэр хийсэн бөгөөд Монголын арьсан цүнх, хивс, ноос ноолууран бүтээгдэхүүн, дээл, алт, мөнгөн эдлэлийг хамгийн ихээр хятадууд худалдан авдаг байна.
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан:
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав хот, Тунляо хотуудад дөрвөн өөр хөтөлбөрийн хүрээнд 13 ажил зохион байгуулж байна. Өнөөдөр Хөх хотод Монгол бараа бүтээгдэхүүний худалдаа болж байна. Үүнд Монголын 400 гаруй аж ахуй нэгжүүд оролцож бараа бүтээгдэхүүний танилцуулах, худалдан борлуулах, бизнесийн түнш олох, ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа маань Монгол-Хятад улсын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хоёр орны худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.доллард хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа.
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:
“Монгол Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээнд 450 аж ахуйн нэгж ирсэн байгаа. Өмнө болсон хоёр удаагийн экспод оролцсон аж ахуйн нэгжүүд маань маш амжилттай оролцож маш их хэмжээний бараа бүтээгдэхүүнээ борлуусан. Зарим аж ахуйн нэгжүүд маань манай энэхүү арга хэмжээг хүлээж байдаг болсон. Монголын бүтээгдэхүүний чанарыг таньсан, таниулах арга хэмжээнүүд ч болсон. МҮХАҮТ энэ жилээс Монгол экспорт төслийг эхлүүлж байгаа. Энэхүү экспод амжилттай оролцсон төслүүдийг сонгон шалгарлуулж Хятадын онлайн худалдаанд энэ аравдугаар сарын 20-ны дотор оруулах цахим үзэсгэлэнгийн нээлтийг хийх болно. “Монгол Хятадын экспо” нэгдүгээр үзэсгэлэнгийн үеэр Монголын худалдаачид 500 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн бол хоёрдугаар үзэсгэлэнгээр Монголын аж ахуйн нэгжүүд 2 тэрбум төгрөгийн борлуулт хийсэн үзүүлэлт гаргасан. Энэ жил бол үүнээс илүү хэмжээний борлуулалт хийнэ гэсэн хүлээлттэй байгаа. Өмнө жилийн гаргасан амжилтаа давуулах хүлээлттэй байгаа.