М.Дуламсүрэн
“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо өнгөрсөн сарын 22-28-нд болж 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлээр ур чадвараа сорьж өрсөлдсөн билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас найман мэргэжлээр найман залуу ур чадвараа сорин оролцсон юм. Тэднээс гагнуурын төрөлд оролцсон Монгол-Солонгосын политехникийн коллеж болон Герман- Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч, “Хасу Мегаватт” ХХК-ний гагнуурчин Т.Оюун-Эрдэнэ 38 орны гагнуурчидаас 12 дугаар байрт шалгарч тусгай байр эзэлсэн юм. Мөн 711 оноогоор улсынхаа дээд амжилтыг шинэчлэн “Үндэсний шилдэг оролцогч”оор тодроод ирлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож үндэснийхээ дээд амжилтыг шинэчлээд ирсэнд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Олон хүний тус дэмээр энэ амжилтад хүрсэн. Өөрөө тэмцээний төгсгөлд дүнгээ сонсоод итгэж чадахгүйгээр их баярласан. Даалгавруудаа тайван гүйцэтгэсэн. Харин тэмцээн дуусаад оноо зарлах өдөр л их сандарсан. Тэмцээний дүнг зарлахад 711 оноогоор 12 дугаар байрт шалгарч тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор тодорсноо сонсоод өөртөө ч итгэж чадахгүй байсан шүү. Би энэ тэмцээнд нэг жил гаруй хугацаанд өдөр алгасалгүй бэлтгэл хийсэн. Тийм учраас уйгагүй хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдэг болохыг сайн ойлгосон.
-Хамгийн анх 14 настай байхад нь аав тань гагнуур хийлгэж үзүүлээд гагнуурчин болгохоор шийдсэн гэсэн. Аавынхаа шийдвэрийг дагав уу, эсвэл өөрөө сонирхсон уу?
-Тэр үед би наймдугаар ангийн сурагч байсан юм. Анх удаа гагнуур хийж үзэхэд миний сонирхлыг маш ихээр татсан. Түүнээс хойш маш сайн гагнуур хийж сурах, гагнуурын талаар илүү ихийг мэдэх юмсан гэсэн тэмүүлэлтэй болсон л доо. Харин дараа жил нь би есдүгээр ангиа төгсөхөд аав, ээж хоёр маань надаас “Чи ерөнхий боловсролын сургуульдаа үргэлжлүүлж сураад их сургуульд орох уу эсвэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурах уу” гэж асуусан. Хариултыг нэг жилийн өмнө шийдчихсэн байсан учраас шууд л гагнуурчин болохоор Монгол-Солонгосын политехникийн коллежид орсон.
-Гагнуурын А үсэг заасан багш нь ямар хүн байдаг вэ?
-Гагнуурын талаарх анхны мэдлэгийг надад өгсөн хүн бол Монгол-Солонгосын политехникийн коллежийн багш н.Батцэрэн гэдэг хүн бий. Энэ хүнээс л би электродоо яаж зөв барих уу, металлаа хэрхэн хайлуулах, хэмжилтээ яаж хийх үү гээд бүгдийг сурсан. Гэхдээ би олон багштай л даа. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох бэлтгэлээ “Оюутолгой” ХК, ДЦС-4 болон ГерманМонголын коллеж дээр хийж байсан. Нэг жил гаруй хугацаанд “Оюутолгой” ХК-д 14 хоног хотод долоо хоног гэсэн системээр бэлтгэлээ хангасан.
Тиймээс энэ хугацаанд намайг бэлдсэн Оюутолгой компанийн гагнуурчин Н.Нанзаддорж, Д.Алтантулга, Ц.Хашмөрөн гэсэн багш нар бий. Ц.Хашмөрөн багшийн хувьд Дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэх хугацаанд надтай тулж ажиллаж байсан. Мөн хотод долоо хоног бэлтгэл хийх үед ГерманМонголын коллежийн Н.Ганхуяг болон “ДЦС-4”-ийн металл ургийн лабораторийн эрхлэгч С.Батсайхан багш нар маань зааж зөвлөж байсан. Мөн “ДЦС-4”-ийн металл ургийн лабораторийн эрхлэгч С.Батсайхан багш энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд миний зөвлөх багшаар мөн шүүгчээр хамт явсан. Энэ завшааныг ашиглаад бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Анхны оролцож байсан тэмцээнээ дурсаач. Сургуулийнх нь аварга шалгаруулах тэмцээн байсан шүү дээ?
-Тийм. Би анх гагнуурчин болно гээд сургуульд орохдоо энэ чиглэлийн тэмцээн уралдаан болдог ч гэж төсөөлж байгаагүй. Гэтэл нэгдүгээр дамжаанд байхад сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай сургуулийн гагнуурчны мэргэжлээр сурч байгаа бүх хүүхдүүд орсон. Миний хувьд тэр тэмцээнд нэг, хоёрдугаар дамжаандаа хоёр жил дараалан тэргүүн байранд эзэлсэн. Анхны тэмцээндээ оролцоод түрүүлсэн нь надад их урам зориг өгч, цаашид мэргэжлээрээ ажиллаад амьдралаа авч явах юм шүү гэсэн зорилгыг тавихад хүргэсэн. Гэрийнхэн маань ч бас анх сургуулийн аварга болсноос хойш намайг урьдынхаасаа илүү их ойлгож дэмждэг болсон.
-Анхны тэмцээнээс хойш улсын хэмжээний болон олон улсын тэмцээнүүдэд оролцох болсон. Энэ удаагийн дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Би Монгол-Солонгосын политехникийн коллежийг төгссөнийхөө дараа Герман- Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд аргон гагнуурын чиглэлээр суралцсан. Тэр үедээ коллежуудын УАШТ-д оролцож түрүүлсэн. Харин Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг “Монгол ур чадвар-2018” тэмцээнд оролцож авсан. Энэхүү тэмцээн хоёр үе шаттай болсон. Эхний шатнаас би нэгдүгээр байраар, Монгол-Солонгосын политехникийн коллежоос оролцогч Э.Уужимсэтгэлт хоёрдугаар байраар гарч ирсэн. Бид хамтдаа өнгөрсөн арванхоёрдугаар сар хүртэл “Оюутолгой” ХК дээр бэлтгэл хийж байсан юм. Бид хоёрын дунд шалгаруулалт тэмцээн болоод би түрүүлж Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхээ олж авсан. Бид яг Дэлхийн ур чадварын тэмцээнтэй адил дөрвөн үе шаттай гагнуур хийж өрсөлдсөн.
-Нэлээд ширүүн дотоодын өрсөлдөөнөөс шалгарч дэлхийн ур чадварын тэмцээнд оролцжээ. Өмнө нь хэд, хэдэн олон улсын тэмцээнд оролцож байсан байх аа?
-Би Дэлхийн ур чадварын тэмцээнээс өмнө дөрвөн олон улсын тэмцээнд оролцож байсан. Тийм болохоор тэдгээр тэмцээнүүдээс хуримтлуулсан туршлага маань энэ удаагийн тэмцээнд маш их хэрэг болсон. Энэ удаагийн тэмцээнд анх оролцож байгаа оролцогчид илт мэдэгдэж байсан. Гар нь чичрээд, ихээхэн сандарч байгаа харагдаж байлаа. Гэтэл би ямар ч сандралгүй бэлтгэлийн үед гагнуур хийж байгаа юм шиг л тайван байж даалгаваруудаа гүйцэтгэсэн.
-Дэлхийн ур чадварын тэмцээн дөрвөн төрөлтэй болсон гэсэн. Бэлтгэлийн үед хийж байсан гагнуураас ялгаатай зүйл орж ирсэн үү. Нийт хэдэн цагийн гагнуур хийсэн бэ?
-Нийт 18 цагийн гагнуур хийсэн. Энд жил гаруй хугацаанд бэлтгэл хийхдээ Дэлхийн ур чадварын тэмцээний дөрвөн төрлөөр бэлтгэлээ хийсэн. Төрлүүд нь гэвэл хавтан лист, яндан жижиг оврын зуух, хөнгөн цагаан, энержи хийц юм. Эдгээр төрлүүдээр гагнуур хийх үедээ 30, 40 хувийн хийц болон төрлийн өөрчлөлт хийх ёстой гэсэн даалгавар орж ирдэг. Энэ удаагийн тэмцээний нэг, гуравдугаар төрөл дээр энэ өөрчлөлт байгаагүй. Харин хоёрдугаар төрөл дээр 30 хувийн өөрчлөлт байсан. Мөн хамгийн сүүлийн энержи хийц төрөл дээр маш нарийн тетал оруулж ирж оролцогчдыг шалгасан.
-Манай улс дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос хойш гурав дахь удаагаа гагнуурын төрлөөр оролцож байгаа. 2017 оны энэхүү тэмцээнд оролцсон гагнуурчин Ж.Жанлав-Ойдов 700 оноо авч манай улс дэлхийн хэмжээний гагнуурчин бэлтгэж байгааг харуулсан. Энэ жил өөрөө амжилтыг нь 11 оноогоор ахиуллаа. Тэгэхээр Ж.Жанлавойдов гагнуурчнаас туршлага судалсан уу?
-Мэдээж судалсан. Бид хэдий гуравхан удаа энэ тэмцээнд оролцож байгаа ч өөрсдийн хэмжээнд бэлтгэлээ хангаж өмнөх амжилтаа ахиулахыг хичээсээр байна. Ж.Жанлав-Ойдов ахын надад хэлж өгсөн зүйлс тэмцээний үеэр тус дэмээ өгсөн. Туршлага байна гэдэг маш том давуу тал юм билээ. Мөн Дэлхийн ур чадварын тэмцээний бэлтгэлээ базаахаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д нэг сарын турш бэлтгэл хийсэн. Тэр бэлтгэлээс бас олон зүйлийг сурсан.
-2017 оны дэлхийн ур чавдар тэмцээнд оролцсон оролцогч зургаан сар бэлтгэл хийсэн гэж байсан. Гэтэл өөрийн таны хувьд жил гаруйн хугацаанд мөн дэлхийн чадварын тэмцээнд хэрэглэдэг гагнуурын аппаратыг ашиглаж бэлтгэл хийсэн. Энэ талаар ярих уу?
-Манай улс энэхүү тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч биднийг дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Гагнуур хийхэд ер нь өртөг өндөртэй байдаг. Би Дэлхийн ур чадварын тэмцээнд ашигладаг гагнуурын аппаратыг анх БНСУ-д хийсэн бэлтгэлийн үеэр ашиглаж үзсэн. Харин ирээд “Оюутолгой” ХК дээр бэлтгэлээ үргэлжлүүлж хийх үед “Оюутолгой” ХК тэр гагнуурын аппаратыг авсан. Тэгээд дөрвөн сар орчин тэр аппаратаар гагнуур хийгээд тэмцээндээ оролцсон.
Тийм болохоор өмнө ашиглаж байсан аппаратаар Дэлхийн ур чадварын тэмцээний үеэр гагнуур хийсэн болохоор илүү хялбар байлаа. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоход Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Оюутолгой” ХК, “GIZ”, “VETP” мэргэжлийн боловсролын төв, “Хасу-мегаватт” ХХК, Азийн хөгжлийн банк, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Unitra, Zmengineering, “ДЦС-4” болон металл ургийн лабораторийн хамт олон, гэр бүл гээд дурдаад байвал дуусахгүй олон хүмүүс тусалж дэмжсэн. Тиймээс танай сониноор дамжуулаад талархлаа илэрхийлье.
-Ер нь дэлхийн ур чадварын тэмцээнээс харахад бусад орны гагнуурын арга барил, хөгжил манайхаас ямар ялгаатай байна гэж харав?
-Энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд манай хоёр хөрш тэргүүн байранд тэнцүү оноотойгоор шалгарсан. Бусад орнуудын гагнуурын арга барилын ялгаа гээд байх зүйл ажигласангүй. Яагаад гэхээр гагнуурыг нэг тогтсон стандартын дагуу хийдэг учраас бүгд л адилхан арга барилтай. Харин бидэнд мэдэхгүй зарим зүйлс байгааг энэ удаагийн тэмцээнээс олж хараад сураад ирсэн. Манай улсын гагнуурчид дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадах бүрэн боломжтой гэдгийг харсан.
Бид энэ удаагийн 12 дугаар байраа дараагийн тэмцээнд ахиулахын тулд илүү урт хугацааны бэлтгэл хийх хэрэгтэй юм билээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд 22 хүртэлх насны залуучууд оролцдог. Мөн нэг оролцсон хүн ахиж оролцдоггүй учраас гагнуураар дэлхийд тэргүүлж буй орнууд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох гагнуурчинаа доод тал нь 2-3 жил бэлдсэн байсан. Нэг жишээ дурдахад БНХАУ-аас 2021 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох тамирчин аль хэдийнээ бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнийг үзээд туршлага судлаад явж байсан.
-Гагнуурчин хүнд хувь хүний онцлог гэж байдаг уу. Хэрэв байдаг бол таны хийсэн гагнуур ямар онцлогтой вэ?
-Мэргэжлийн гагнуурчин хүн бүх зүйлийг стандартын дагуу гагнах ёстой учраас онцлог гээд байх зүйл төдийлөн байхгүй. Тэгэхээр бидний мэргэжил бол алдаа гаргаж болохгүй. Тооцоолол, хэмжээ, стандартаасаа зөрүүтэй гагнавал хийж буй ажил маань тэр чигтээ бүтэлгүйтнэ. Нэг жижигхэн нүх алдаад гагнахад л хүний амь насанд хүртэл аюул учруулж болох учраас бид бүхнийг маш нарийн хийх ёстой байдаг.
-Өөрийн тань үеийн залуус мэргэжлийн боловсрол гэхээс илүүтэйгээр дээд боловсрол эзэмшиж байна. Гэтэл өөрөө мэргэжлийн боловсролыг чанартай эзэмшээд амжилт гаргаж болохыг залууст үлгэрлэж байна шүү дээ?
-Баярлалаа. Дөрвөн жил их сургуульд сураад ажлын байр олдохгүй байна гээд явж байгаа миний үеийн залуус олон байдаг. Мөн манай залуус дээд боловсрол эзэмшвэл сайхан амьдарна гэж боддог нь олон байгаа юм шиг санагддаг. Гэтэл уг нь гагнуурчин, токарьчин гэх мэт нарийн мэргэжлүүдийг сайн эзэмших юм бол ажлын байр хангалттай олддог. Дээрээс нь цалин нь амьдралаа боломжийн аваад явахад хүрэлцэхүйц байдаг. Мөн манайх шиг хөгжиж буй оронд аль болон олон хүн мэргэжлийн боловсрол эзэмшиж, ажиллавал илүү хурдацтай хөгжиж болох юм.
-Одоо та “Хасу мегаватт” ХХК-д гагнуурчнаар ажилладаг. Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаад яриагаа өндөрлөх үү?
-“Хасу Мегаватт” ХХК гэх том айлд ажилладагтаа маш их баярлаж явдаг. Тиймээс ойрын хэдэн жилдээ “Хасу Мегаватт” ХХК-даа гагнуурчны ажлаа хийж илүү их туршлага хуримтлуулж, сайн гагнуурчин болохын төлөө хичээнэ. Харин дараа нь гагнуурын мэргэжлээ дээшлүүлээд их сургуульд металл ургийн инженерийн чиглэлээр сурах бодолтой байгаа. Гагнуурчин хийгээд туршлага хуримтлуулах тусам илүү сайн инженер болно гэж боддог. Тийм болохоор цаашдаа сайн инженер болоод эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой байна.