СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-09

LIVE: С.Бямбацогт: Санал асуулга явуулах мөнгө Засгийн газарт байхгүй юм бол төсөвт тодотгол хийе

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тогтоолын төслийн найм дахь зүйл дээр тогтоосон зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг даалгасугай гэсэн утга оржээ.

Нэгдүгээрт, Нөөцөөс санхүүжүүлэхэд хөрөнгийн хувьд боломжгүй байна. Яг энэ дүнгээрээ /29 тэрбум/ жилийн төгсгөл ойртсон үед ийм мөнгө байхгүй. 

Хоёрдугаарт, 2019-05-27-ны өдрийн ҮХЦ-ийн дүгнэлт ёсоор Сонгууль болон сонгуультай төстэй бусад зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь өөрөө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзсэн. Иймд тайлбар авахыг хүсэж байна.

Санхүүгийн эх үүсвэрийг ерөнхийд нь даалгаад, цаашид яаж шийдэхээ тусгайлан ярилцах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.

Хариу тайлбарыг ТББХ-ын ахлах зөвлөх н.Бямбадулам хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн 2019-оны хоёрдугаар дүгнэлтээр Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.14 дэхь заалтад УИХ-ын нөхөн сонгуулийн зардлыг УИХ-аас санхүүжүүлэхээр хуульчилсан. 

Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Тавдугаар зүйлд "Засгийн газрын тодорхой чиг үүрэг бүхий зорилгыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сангаас гаргана" гэж тодорхойлсон. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан ёсоор нөөц сангаас төсөв батлахаас өмнө урьдчилан харах боломжгүй тодорхой хэдэн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр зохицуулжээ.

УИХ-ын сонгуулийн тойргийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой цэцийн дүгнэлт нь 2018-08-22-ны өдөр гарсан зэргээс үзэхэд уг нөхөн сонгуулийг 2019 онд явуулах нь тодорхой байсан юм. Үүнээс үзэхэд УИХ-ын 2019 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад үүнийг урьдчилан харах дүгнэлтгүй байна гэсэн нь боломжгүй юм. 

Харин ард нийтийн санал асуулгын хувьд ЗГ-ын тусгай сангийн 8 дугаар зүйлийн 3-т заасан "тухайн жилийн төсөлд урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй" гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл ард нийтийн санал асуулгын шаардагдах нэмэлт зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргана" гэлээ.

ТББХ-ны дарга С.Бямбацогт "Засгийн газрын нөөц сан мөнгөгүй гээд байдаг. Төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж гэдэгт энэ Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл орж байгаа л даа. Төсөвт тодотгол хийх юм байна гэж ойлгоод асуудлаа цааш хэлэлцье" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн тодотгол 10 дугаар сарын нэгэнд өргөн барьлаа гэж үзэхэд 4 хэлэлцүүлэг дамжиж хамгийн хурдандаа хоёр долоо хоногт багтана" гэлээ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.