СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний санал асуулгыг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ удаагийн парламент хаврын ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэж эхэлсэн билээ. Уг хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг нэг сар орчим хэлэлцэж өчигдөр /2019-09-06/ хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгажээ. 

Хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохын өмнө МАН-ын бүлэг цаашид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэжээ.

Уг асуудлын хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өчигдөр орой МАН-ын бүлэг хоёрдугаар хэлэлцүүлэг дууссантай холбогдуулан хуулийг үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах уу, наана нь ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг орой 22:00 цаг хүртэл ярилцлаа. МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцсон.

Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг "Ард нийт, иргэд сонгогчдоосоо асуух нь зүйтэй" гэж шийдлээ. Өмнө нь Монголчууд 1945-10-20-нд улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч бүх ард нийтээрээ санал асуулга явуулж шийдэж байсан. Тэгвэл 1945 оноос хойшх хоёрдахь түүхэн их өөрчлөлтийг бид хийх гэж байна" гэлээ.

Одоо УИХ "Ард нийтээр санал асуулга явуулах" тухай тогтоолыг батлах аж.  Баталсны дараа ард түмнээр ямар төсөл хэлэлцүүлэх вэ гэдэг шийдвэрийг гаргах нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Үүний дараа санал асуулга явуулна. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг "дэмжинэ", "дэмжихгүй" гэсэн санал хураалт дээр өөрийн саналаа дугуйлна. Санал асуулга явуулах хугацааг парламент шийднэ. Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна. Энэ хэмжээний сонгууль явагдана. Улс орны хэмжээнд 2000 гаруй хэсгийн хороо, 18 мянга орчим зохион байгуулагчид ажиллах ажээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын 62 гишүүнээс 53 санал гарснаас 34 саналыг нь дэмжих шийдвэр гарсан. Энэ 34 дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгасан саналууд орсон. "Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно" гэсэн саналыг тусгасан. Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн баталгаажна гэсэн үг шүү дээ. Энэ бол бас түүхэн шийдвэр шүү. 

2000 оны Үндсэн хуулийн долоон өөрчлөлт бий. Дордсон долоон заалтыг өөрчлөх нөхцөл бүрдсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийдэг байдлыг энэ өөрчлөлтөөр засна. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангарагаасаа няцсан бол хариуцлага тооцох, эргүүлэн татах заалтууд орлоо.

Мөн хуулийг батлахдаа УИХ-ын 39 гишүүнээс доошгүй нь байлцаж баталж байх өөрчлөлтийг хийлээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрднэ. 

-Ард нийтийн санал асуулга явуулаад олон нийт дэмжихгүй бол яах вэ?

-Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт энэ удаа оруулж чадахгүй бол хуулиараа дахин найман жил гар хүрэх эрхгүй. Энэ удаагийн парламентэд нэг намаас 62 гишүүн сонгогдсон. Дахиж ийм хэмжээний олонхитой парламент ойрын 10,20 жилд бүрдэнэ гэж үзэхгүй байна. Ард түмэн маань ухаалгаар шийдэх байх гэж найдаж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.