Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн үйл ажиллагаа зогсч, хэдэн зуун хэрэг шийдвэрлэгдэж чадахгүй дараастай байгаа талаар маш ноцтой мэдээлэл өгчээ. Энэ талаараа тэрээр 24 tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа “...бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогсчихлоо. АТГ болон Улсын Ерөнхий Прокурорт албан бичиг явуулсан. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өнөөдөр Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй дараастай хүлээж байна.” гэжээ. Нэг үгээр, дараастай хэдэн зуун хэргийн цаана жирийн иргэд хохирогч болж буй хэрэг юм.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын энэхүү мэдэгдэл нийгмийн анхаарлыг татахуйц маш ноцтой мэдэгдэл гэдгийг зарим улс төрчид, УИХ-ын гишүүд ч онцолж байна.
Ингэж шүүхийн үйл ажиллагаа гацаж буйн цаад шаллтгааныг Монгол Улсын ерөнхийлөгчтэй холбон тайлбарлаж болно. Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч 6-р сард тушаал гарган нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Гэвч гурван сар орчмын хугацаа өнгөрч байхад тэдгээр шүүгчдийн орны хүнийг томилоогүй байгаа нь өнөөдөр шүүхийн үйл ажиллагаа зогсоход хүргэжээ.
Энэ нь шүүхийн хараат бус ажиллах зарчим алдагдаж, улс төрөөс хараат байгаагийн шууд илэрэл гэж харах хүмүүс ч байна. Харин шүүхийн үйл ажиллагааг хэзээ хэвийн үргэлжлэхийг эрхэм ерөнхийлөгч, АТГ болон Прокурор шийдэх нь ээ.