Элэгний С вирус халдварласнаар элэгний хатуурал, хорт хавдар тусах гол шалтгаан болдог ба эмчлэлгүй удвал эрт нас барах аюул дагуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулсан шинэ судалгаагаар дэлхийн хэмжээнд Хятад С вирусын халдвараар бусад улс орнуудыг тэргүүлж байгаа ба хөдөө орон нутагт тархалт илүү хурдацтай байна гэжээ.
Энэ зуны зургадугаар сард Хятадад 21,419 хүн шинээр халдварлаж, 14 хүн уг вирустай холбоотой өвчнөөр амиа алдсан байна. Харин 2018 онд тус улсад 219,375 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2010 онтой харьцуулахад 43 хувиар өсчээ.
Нийт хүн амын 0,6 хувь буюу 8,9 сая иргэн элэгний С вирус халдварласан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллаг тооцсон. Элэгний хорт хавдраар нас барж буй тохиолдлуудын тэн хагасаас илүү нь БНХАУ-д бүртгэгдэж байна.
Уг вирус зүү тариураар голчлон халдварладаг. Ойрын жилүүдэд Хятадад мансууруулах бодисын хэрэглээ эрс нэмэгдсэн тухай НҮБ-ын гэмт хэрэг, хууль бус мансууруулах бодистой тэмцэх газраас мэдэгдэв. Энэ нь зүү тариураар халддаг өвчний тархалтыг нэмэгдүүлж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзжээ.
Нөгөө талаар халдвар авсан өвчтнүүд эмчилгээнд хамрагдах нь маш бага хувьтай байна. 2018 онд элэгний С вирустэй өвчтнүүдийн ердөө 3,5 хувь нь эмчилгээнд хамрагдсан гэдгийг Поларис ашгийн бус байгууллагаас танилцуулжээ.
Эх сурвалж: www.cnn.com