Зимбабве улсын тусгаар тогтнол, улс төрийн баатар гэгддэг, тус улсын эцэг хэмээн хүндлэгдэж ирсэн Роберт Мугабе 95 насандаа таалал төгслөө. 2017 оныг хүртэл Зимбабве улсын төрийн эрхийг 37 жилийн турш барьсан эрхэм энэ оны дөрөвдүгээр сараас хойш Сингапур улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Их Британиас 1980 онд тусгаар тогтнолоо зарласны дараа анхны сонгуулиар ялж Ерөнхий сайд болж байсан тэрээр 1987 онд Ерөнхийлөгч болсон юм. Мугабег залгамжилж Зимбабве улсын Ерөнхийлөгч болсон Эммерсон Мнангагва эрх чөлөөны домогт баатар, улсын эцэг таалал төгссөн гэдгийг мэдэгдэж, гүн эмгэнэл илэрхийлжээ.
Роберт Мугабе гэж хэн бэ?
Тэрээр 1924 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Британий колонид байсан Родезид төржээ. Мугабе Родезийн Засгийн газрыг шүүмжилснийхээ төлөө 1964 онд баригдаж, ямар нэг шүүх хуралгүйгээр 10 гаруй жил хоригдсон юм. Хэдийгээр шоронд хоригдож байсан ч 1973 онд Зимбабве Африкийн үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Суллагдсаныхаа дараа Мозамбик руу явж Родези руу дайр партизануудын хамт дайралт хийжээ. Тэр улс төрийн гэрээ хэлэлцээр хийх онцгой чадвартай, мэргэн нэгэн байсан нь цоо шинэ Бүгд Найрамдах Зимбабве улсыг байгуулж чадсанаас бэлхэн харж болох юм. Хэдийгээр улс орноо байгуулсан түүхэн гавьяатай ч хэт удаан төрийн эрх барьснаас олон улсын зүгээс дарангуйлагчийн дүр төрхийг бүрдүүлсэн хэмээн шүүмжилж эхлэв.
Мугабе ба уналт
2000 онд Зимбабве улсад анх удаа улс төрийн сөрөг хүчин гарч ирсэн байдаг. Тухайн үед Роберт Мугабе эдийн засгийг сэргээхийн тулд цагаан арьстнуудын эзэмшиж байсан фермийн газрыг эргүүлэн авч өнгөт арьстай фермерүүдэд тараасан нь эдийн засагт түлхэц болоод зогсохгүй түүнийг дэмжигчдийн тоог улам бүр нэмжээ. Үүний хажуугаар Мугабег дэмждэг зэвсэгт бүлгүүд хүч хэрэглэх болсон юм.
2008 онд Мугабе анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, сөрөг хүчин ялалт байгуулав. Тэр үед Мугабе “зөвхөн бурхан л намайг албан тушаалаас минь чөлөөлж чадна” хэмээн тунхаглажээ. Гэсэн ч эдийн засгийн уналт улс орныг бүрхэж 2009 онд өрсөлдөгчидтэйгээ эрх мэдлээ хуваалцахаас өөр аргагүй болсноор Морган Цвангирай Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон байна.
2017 онд Зимбабве улсын тэргүүн хатагтай буюу Мугабегийн эхнэр Грэйс түүний халааг залгамжилж болзошгүй нөхцөл байдал үүссэнээр удаан хугацаанд Ерөнхийлөгчийн ар талыг хамгаалж байсан арми түүний эсрэг босч хүчээр түлхэн унагасан юм.
Эх сурвалж: www.bbc.com