СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган"-ыг нээх ёслолд оролцож, үг хэлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны энэ өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг ашиглалтад оруулж, сүсэгтэн олондоо үйлчлэхээр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдаж байгаа “Самвад III” олон улсын хурлын хүндэт дээд зочид төлөөлөгчид, эрдэмтэд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголын бурханы шашны түүх, соёл, өв уламжлалыг хадгалж ирсэн Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд түүхэн мөрөө үлдээсэн сайхан үйл явдлууд учран тохиож байна.

Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтэний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчэн дуган” энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа.

Батцагаан цогчэн дуган байгуулагдсан тэр цагаас Монголын бурханы шашны эв эеийн бэлэгдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай.

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс цогчэн дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан хүсэлтийн зорилго бодлого ч энэ мэт байсан бөгөөд Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, тэд бүгдийн сэтгэлд нийцсэн үйл явдал болсон билээ.

Хүн төрлөхтний өмнө олон зүйлийн бэрхшээл тулгарч байна. Шим ертөнцийн хямрал зөрчил, сав ертөнцийн буурал доройтол бүгдийн гол шалтгаан нь хүмүүс бидний шунаг сэтгэл, буруу үйл мөн билээ.

Иймд төр шашны харилцан хүндэтгэл, шашин хоорондын ойлголцол, улс хамтын сайн нөхөрлөл чухал болж байгаа цаг үед “Самвад III” Олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь машид ач холбогдолтой зүйл болж байна. Энэ хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын төр шашны хүндэт дээд зүтгэлтнүүд, эрдэмтэд та бүгдэд машид талархаж байгаагаа илэрхийлье.

 

Мөн “Самвад III” олон улсын хурлыг зохион байгуулж байгаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Вивак Ананда олон улсын сан болон бусад байгууллагад баярлалаа.  Тус хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.