СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Африкт сарын хугацаанд 30 гаруй эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа гарт амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ихэссээр байхад гар хумхин суугаа Засгийн газрыг эсэргүүцэж Өмнөд Африкийн олон мянган эмэгтэй гудамжинд жагсаж дуу хоолойгоо хүргэлээ. Жагсагчид өнгөрсөн наймдугаар сард амиа алдсан охид бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэж хар болон нил ягаан өнгийн хувцсаар жигдрэн, нийслэл Кэйп Таун хот дахь Парламентын ордны гадаа иржээ.

Наймдугаар сард Өмнөд Африк улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй эмэгтэйчүүдийн эсрэг хамгийн их хүчирхийлэл, гэмт хэрэг гарсан юм. Сарын хугацаанд 30 гаруй эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа гарт амь үрэгджээ.

Жагсаалд оролцсон эмэгтэйчүүд баасан гараг гэхэд Засгийн газар үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, улс орон даяар онц байдал зарлахыг шаардсан байна. Гудамж талбайд жагсахаас гадна олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан олон танил эрхмүүд ч мөн эсэргүүцлээ илэрхийлж #NotInMyName, #AmINext, #SAShutDown гэсэн хаштаг хөдөлгөөнүүдийг дэмжжээ.

Түүнчлэн жагсагчид “Хангалттай гэдэг бол хангалттай л гэсэн үг”, “Миний бие чиний гэмт хэрэг үйлддэг талбар биш” гэсэн үгтэй самбаруудыг барьсан байна. Хэрэв эмэгтэй сайд нар Засгийн газартай хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ямар нэг дорвитой алхам хийхгүй бол Өмнөд Африкийн Засгийн газрыг Үндсэн хуулийн шүүхэд өгнө гэжээ.

 

 

Өнгөрсөн сард хохирогч болсон эхний эмэгтэй 26 настай Садика Ньюмэн байсан ба танхай этгээдүүдэд найман удаа буудуулж амиа алдсан байна. Мөн зургаан настай Натлиа Пиенар гэрийнхээ гадаа дээсээр тоглож байгаад толгойдоо сум зоолгон амь үрэгджээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.