У.Сарангэрэл
Нүүрсний салбарынхан жил болгоны намар цугларч, тулгамдсан асуудал болоод гарц шийдлээ тодорхойлоод ес дэх жилтэйгээ золгож байна. Тэдний ганц ярьдаг зүйл нь төмөр зам. Хэрэв төмөр зам тавигдвал тээвэр, ложистикийн асуудал ший дэгдэж, Хятад руу экс портолдог нүүрсний хэмжээ нэмэгдэнэ гэдгийг улиг болтлоо ярьсаар өнөөдрийг хүргээд буй. Чуулганд оролцогчдын зарим нь “Төмөр зам гээд л ярихаар галзуу солиотой юм гэж хэлэгдэх вий гэхээс айж байна” хэмээж байлаа.
Тэгвэл чуулганы эхэнд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сард эхлүүлнэ” гэж мэдэгд сэн нь анхаарал татав. Гэхдээ төмөр зам тавиад ч бүх асуудал шийдэгдэхгүй гэдгийг чуулганд оролцсон хувийн хэвшлийнхэн хэлж байлаа. “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Төмөр замаа барилаа гээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хятадын төмөр замын сүлжээтэй яаж холбох юм, ямар хэмжээтэй бараа таваар солилцох вэ гэдэг нь олон улсын гэрээний дагуу хийгдэх ёстой ажил. Энэ ажлаа давхар явуулж байгаа юу гэдэг мэдээлэл хомс байна. Дэд бүтэц нь байлаа гээд түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдгээ давхар яриад явахаа мартахгүй байх” гэж байлаа.
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс нийлүүлээд байгаа юм байна. Ингэснээр оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 17.7 их наяд төгрөг байсны 14.7 хувийг нүүрсний салбар бүрдүүлжээ. Харин Тавантолгойн бүлэг ордоос нүүрс гаргадаг Гашуунсухайт боомтын экспорт оны эхний хагаст 9.7 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс үл ялиг өсжээ. Тэгвэл ирээдүйд дэд бүтцээ шийдсэнээр Хятад руу гаргах нүүрсээ 60 сая тоннд хүргэх зорилттой байгаа гэдгийг салбарын сайд нь дуулгав.
Г.БАТЦЭНГЭЛ: БНХАУ-ТАЙ ХӨНГӨВЧИЛСӨН ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ЁСТОЙ
-Төмөр зам тавиад асуудал шийдэгдэхгүй гэж та хэлсэн. Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдалд анхаарах ямар асуудлууд байна вэ?
-Манай улс сайн чанарын нүүрсийг бага өртөгөөр үйлдвэрлэх боломжтой. Гол нь зах зээлдээ хүргэх үнэ өртөг асуудал болчихоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төмөр зам байхаас гадна бусад худалдааныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээ нь, Австралийн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлэгдэхдээ чөлөөт худалдааныхаа гэрээний хүрээнд ямар нэгэн татваргүй байдаг. Харин Монголоос Хятад руу нийлүүлж байгаа коксжих нүүрсэнд гурван хувийн татвар, эрчим хүчний нүүрсэн дээр зургаан хувийн татвар ногдуулдаг.
Иймэрхүү асуудлуудаа уг нь төр зохицуулаад БНХАУ-тай хөнгөвчилсөн худалдааны гэрээ хэлэлцээр хийх ёстой. Манайд нэг харамсалтай зүйл ажиглагдаад байдаг. Төрийн өмчийн компани гэхээр улсынх. Хувийн хэвшил гэхээр дайсан гэж үздэг. Уг нь бүгд хамтдаа ажиллаж, хэрхэн гадаад зах зээл дээр өрсөлдөх вэ гэдгээ төлөвлөх нь чухал байна. Энэ байдал ялангуяа нүүрсний салбарт олон жил ажиглагдаж байгаа. Төрийн өмчийн компаниуд нь баян айлын эрх хүүхэд шиг дуртай зүйлээ хийгээд яваад байдаг.
Хувийн хэвшлийн компаниудад төрийн төмөр нударга бүрэн хэмжээгээр буудаг нь үнэн. Төр шаардлагаа хувийн хэвшлийн компаниудад тавьж байгаа бол төрийн өмчит компаниуддаа яг ижил төвшинд тавьж байгаарай гэж хэлмээр байна. Дэд бүтцийн асуудал гэвэл олон талд төмөр зам бариад эхэлж байна. Санхүүжилтийн асуудал нь тодорхой хэмжээнд шийдэгдээд явах юм шиг байна.
-“Энержи Ресурс” ХХК нүүрсээ экспортлох тал дээр олон дэвшилтэд алхамуудыг хийсэн. Өөрсдийнхөө нөхцөл байдал дээр тулгуурлаад явахад ямар боломжууд харагдаж байна. танайх саяханаас чингэлэгийн тээвэр хийж байгаа шүү дээ. өөр боломжууд харагдаж байна уу?
-Зах зээлийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдаг. Дэлхийн зах зээл динамик болчихлоо шүү дээ. Хэсэг байж байгаад л шинэ нөхцөл байдал үүсдэг. Хятад, АНУын худалдааны дайны асуудал гарч ирж байна. Геополитикийн асуудал урган гарч ирсэн. Энэ бүхэн өөрийн эдийн засгийн үр дагаваруудыг авчирч байгаа. Үүнээс Монгол Улсад үзүүлэх нөлөө нь ямар байх вэ гэдгийг харж байх шаардлагатай. Бидэнд нүүрсний баялаг байна. Гэхдээ далайд гарцгүй нь сул тал болдог.
Гэхдээ сул талаа хэрхэн давуу тал болгох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй л дээ. Манай компани арван жилийн өмнө маркетингаа төлөвлөж байхдаа Хятадын гол зах зээл нь далайн эргээр төвлөрсөн том гангийн үйлдвэрлэл юм байна гэж үзсэн. Тэгээд үүнд хүрэхийн тулд тээвэр, ложистикийн асуудлыг судалж байсан. 2011, 2012 онд Наушикаар дамжуулаад Япон, Энэтхэг, Тайвань руу туршилтын журмаар экспорт хийж үзэж байсан. Сүүлийн үед бид сул талаа давуу тал болгох хэрэгтэйг ойлгосон.
Монгол Улстай хил залгаа Хятадын мужуудад гангийн болон коксийн үйлдвэрлэл нэмэгдээд байгаа. Жишээ нь, Өвөр Монголд шинэ коксийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. Тэр тусмаа Ганц модтой ойрхон Баяннуур хотын нутаг дэвсгэр дээр коксийн үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаа. Энэ нь хэрэглээг бий болгож байгаа юм. Тиймээс ойролцоо бүс нутгуудад харилцаагаа өргөжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Өвөр Монголд бид өрсөлдөж чадахгүй бол яаж далайн эрэг рүү нь явах юм бэ. Аливаа зүйлийг шат дараатай хийх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
З.ГАН-ОЧИР: ОВООТЫН ОРД ХОЙД ТАЛДАА БАЙРЛАЛТАЙ УЧИР ОХУ-ААР ДАМЖИН ТЭЭВЭРЛЭВЭЛ ДАВУУ ТАЛТАЙ
“Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-Танай компани “Овоот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. энэ төслийн талаар хүмүүс нэлээн сонирхож байгаа. экспортын боломж тал дээр таны хүлээлт ямар байгаа вэ. хойд хөрш рүү нүүрс экспортлох төлөвлөгөө хэр бодитой байх бол?
-Овоотын нүүрс Монгол дотроо хөндлөн тээвэрлэгдээд урагшаа төмөр замаар явна гэсэн үг. Тэгэхээр Тавантолгойн нүүрстэй харьцуулахад тээврийн өртөг тийм ч хол зөрүүтэй гарахгүй. Хоёрдугаарт, сүүлийн үед Ерөнхийлөгч, Зам тээврийн хөгжлийн яамнаас ярьж буй бодлого бол ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах. Энэ чиглэлийг бид бас судалж байна. Овоотын орд хойд талдаа байрлалтай учир ОХУ-аар дамжин тээвэрлэвэл давуу талтай. Хольцын нүүрсний нэг давуу тал юу гэхээр гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсийг 40-60 хувьд нь хэрэглэдэг байхад хольцын нүүрсийг 15-25 хувьд нь хэрэглэдэг. Тэгэхээр эцсийн олон хэрэглэгчдэд БНХАУ болон ОХУ-д ч хүргэх ёстой.
Манай бүтээгдэхүүний гол өрсөлдөгчид нь уурхайн насжилт нэлээд өндөр бол сон ОХУ, болон БНХАУ-ын ижил ча нартай нүүрснүүд юм. Овоотын төсөл хэрэгжиж эхэлснээр эхний 10 жилд нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөхөөр байгаа. Үүний 194 орчим тэрбум төгрөг нь Хөвсгөл аймгийн төсөвт, 87 тэрбум төг рөг нь Цэцэрлэг сумын төсөвт төв лөрөхөөр байна. Энэ бол аймаг бо лоод сумын төсөвт маш том дэмж лэг болно гэсэн үг. Овоотын бая жуулах үйлдвэр дэд бүтцийн шийд лийн хүрээнд 700 орчим тэрбум төг рө гийн хөрөнгө оруулалт хийхээр тоо цоолж байна. Үүний 148 тэрбум нь жилд дөрвөн сая тонн нүүрс ол бор лох хүчин чадал бүхий уурхай бай гуулахад, 96 тэрбум нь мөн дөр вөн сая тонны хүчин чадалтай бая жуулах үйлдвэрт, үлдсэн 450 тэр бум төгрөг нь авто замын төсөлд зарцуулагдахаар урьдчилсан тооцоо гарсан.
Л.НАРАНБААТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТООЦОО СУДАЛГААГҮЙ ХИЙСНЭЭС БОЛЖ МОНГОЛ УЛСАД БОДИТ ХОХИРОЛ УЧИРЧ БАЙНА
Уул уурхайн судлаач, эдийн засагч
-Хятадууд манайхаас авах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэх болов уу. Үүн дээр ямар нэгэн зүйл хийгдэж байгаа юу?
-Төрөөс хийж байгаа зүйл үнэндээ алга. Хэдэн хувийн хэвшүүд л гүйгээд байгаа болохоос дорвитой ажил байхгүй. Хятадын коксжих нүүрсний хэрэглээ манай урт хил дээр тулаад ирлээ. Хэрэглээ нь ингэж өсөж байхад дэд бүтэц нь хоцроод байна. Хэрэглэгч болох Хятад руугаа чиглэсэн дэд бүтцийн асуудал ярих байтал өнөөдөр өрсөлдөгч ОХУ руу дэд бүтэц барих асуудал ярьж байна шүү дээ. Энэ нь хэдэн жилийн дараа эдийн засагт дарамт болбол яах вэ.
Энэ удаагийн чуулганд Хятадын талын 40 орчим төлөөлөгч ирсэн байна. Чех, Их Британиас төлөөллүүд орж ирж байна. Эд нарт Монголын нүүрсний зах зээл их сонирхолтой байна. Гагцхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа бодит үр дүнд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал хүлээлт үүсгэж байгаа юм. Гашуунсухайтын төмөр зам барихаар зэхэж 280 сая ам.доллараар шороо овоолсон. Энэ Хятадын төмөр замтай нийлэхдээ 20 километрээр зөрсөн гээд байгаа шүү дээ. Тэр хөрөнгө оруулалтын асуудлаа одоо болтол шийдэж чадаагүй юм шиг байна лээ. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтаа тооцоо судалгаагүй хийснээс болж Монгол Улсад бодит хохирол гарч байна. Нэг өдөрт нүүрсний салбараас нэг тэрбум төгрөгийн татвар улсад орж байгаа.
Төмөр замаа бариагүй он жилүүдэд хичнээн тэрбумыг алдсан бэ гэж тооцвол дэндүү харамсалтай. Хятадын 70 гаруй сая тонн коксжих нүүрсний импортыг Монгол Улс дангаараа хангах хэмжээний дэд бүтциийг хийнэ гэж салбарын сайд ярьж байна. Энэ нь хэт мөрөөдлийн зүйл болчих вий дээ.
-“Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд төмөр зам барих, нүүрсээ үнэд хүргэх талаар улиг болтоо ярьж байна шүү дээ. Өнгөрсөн жил ярьж байсан зүйлүүдээс зарим нь биелэлээ олсон уу. Энэ жилийнхээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Төмөр замдаа санхүүжилт хийнэ гэдэг асуудлыг ярьж байгаа нь дэвшил. Гэхдээ оновчтой хөрөнгө оруулалтаа эхэлж шийдээгүй байна. Тээврийн хувьд шинэ нөхцөл байдал үүссэн. Задгай тээвэр явуулахаа болиод Хятадын талаас чингэлэг тээвэрлэлтийг хийж гүйцэтгэх стандарт тавьж байгаа. Манай улс яаж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх вэ гэдэг нь чухлаар тавигдаж байгаа учраас энэ жилийн “Coal Mongolia-2019″ чуулга уулзалт “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор зохион байгуулагдаж байна.
Өрсөлдөнө гэдэг нь илүү үр ашигтай ажиллахыг хэлнэ. Үр ашигтай ажиллахын тулд өртөг бага байх хэрэгтэй. Ингэхдээ дэд бүтэц буюу төмөр замаа хөгжүүлэх шаардлагатай. Дэд бүтцийн хөгжил байхгүйгээс Монголын нүүрсний өрсөлдөх чадварын тээврийн өртөг нь өндөр байна. Өөрөөр хэлбэл, үндсэндээ тээврийн өртөг нь нүүрснийхээ өртөг дээр нэмэгдэхээр бидэнд ногдох ашиг нь төдий чинээ буурна. Дээрээс нь байгаль орчныг доройтуулж байгаа нь нүүрсний буруу биш дэд бүтцийн хөгжил доогуур байгаатай шууд холбоотой. Хоёрдугаарт, хил гаалийн шуурхай ажиллагаа мөн төрийн оновчтой бодлого хамаарна. Энэ мэтчилэн асуудлыг хөндөж байна.
-Нүүрсний үнэ ойрын хэдэн жилдээ тогтвортой байна гэж шинжээчид хэлж байгаа. Таны бодлоор ямар байх бол?
-Ойрын нэг жилдээ нүүрсний үнэ тогтвортой байна. Экспорт ч тогтвортой байх болов уу гэсэн хандлага байна.
Өнгөрсөн жилийн “Coal Mongolia” чуулганы үеэр Хятадын нэгэн судлаач эмэгтэй “Ойрын гурван жилд ОХУ Монголыг коксжих нүүрсний экспортыг хамж авна” гэж хэлсэн юм. БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болов. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээгээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр шийджээ. Мөн “Хятадын төрийн зөвлөлөөс “Цэнхэр тэнгэр”-ийг хамгаалах гурван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Энэ хүрээнд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 2020 он гэхэд 58 хувиар бууруулна гэсэн зорилго дэвшүүсэн. Тиймээс нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн тоо цөөрч, гаднаас авдаг нүүрснийхээ хэмжээг багасгах төлөвтэй байна” гэдгийг сануулж байв. Тиймээс өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол хэдэн жилийн дараа ОХУ-д нүүрсний зах зээлээ алдах эрсдэл байгаа гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.