ТикТок олон нийтийн цахим сүлжээнд нисэх буудалд үл таних хүн дагуулаад явж байсан охин “ОК” гэсэн тэмдэглэгээтэй төстэй гарын хэл ашигласнаар тусламж хэрэгтэй гэсэн дохио өгч чадсан бичлэг тархжээ. Гэвч энэ нь Хятадын эрх баригчдад төдийлөн таалагдаагүй бололтой.
Уйлж, хашгирч тусламж дуудах боломжгүй байсан тул ухаалгаар гарын дохио ашигласан охиныг анзаарсан хүмүүс үл таних эрэгтэйтэй маргаж, охинд тусламж хэрэгтэй байгааг ойлгожээ. Удалгүй охин гэр бүлтэйгээ эргэн нэгдсэн байна.
“ОК” гэсэн дохионы хэл нь ихэвчлэн эерэг хандлагыг илэрхийлдэг. Харин гарын хоёр хуруугаа зэрэг гозойлгосон тохиолдолд хоёр ижил нэгийн тоо буюу жишээ нь “110” гэсэн тоог илтгэдэг байна. Хятадын цагдаагийн яаралтай тусламжийн дугаар “110” юм.
Дээрх бичлэг олон нийтэд хүрсний дараа хүүхэд ямар нэг аюулд орсон болон тусламж хэрэгтэй бол гарын хэлээр илэрхийлж болно гэсэн зурвас тархжээ. Зарим цахим сүлжээ хэрэглэгчид уг бичлэгийг Хятадын цагдаагийн газраас санаачлан зохион байгуулсан үйлдэл гэж бичсэн байна. Харин албан ёсны эх сурвалжууд уг бичлэгт цагдаагийн газар огт холбоогүй гэсэн тайлбарыг өгчээ. Түүнчлэн хэрэв хүнд нөхцөл байдал тулгарч, асуудалд орсон бол дохионы хэл ашиглахаас илүү гар утсаараа цагдаад дуудлага өгөх арга нь илүү найдвартай хэмээн эрх баригчид үзэж байна.
Нөгөө талаар Хятадын босогчид тоог жагсаал цуглааны бэлгэ тэмдэг болгох нь бий учраас эрх баригчид ч мөн тун хянамгай, сэрэмжтэй ханддаг. Дуучин Тэйлор Свифт 1989 нэртэй цомгоо танилцуулахад 1989 онд Тяньаньмины талбайд гарч байсан бослогыг санагдуулсан тул Бээжингийн эрх мэдэлтнүүд дургүйлхэж байсан удаатай.
Сүүлийн жишээ гэвэл Хонконгийн босогчид өөр хоорондоо нэгдэж, нэгнээ уриалахад гарын хэл, дохиог ашиглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com