УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэд хэдэн заалт дээр дахин хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын байр суурийг сонслоо.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг та дэмжиж байгаа юм уу?
-Манай намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэчихсэн байхад манай намын гишүүдээс ийм зүйл асуух нь илүүц шүү дээ.
-УИХ-ын гишүүдийн тоо 99 байх эсэх, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх заалтууд дээр ямар байр суурьтай байна?
-Би анхнаасаа өөрийн байр сууриа илэрхийлсэн шүү дээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй байя. Угаасаа иргэд ч дэмжихгүй байгаа. Тийм учраас аливаа хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард түмнийхээ саналд нийцсэн өөрчлөлт л хийх хэрэгтэй. Хүн ам нэмэгдлээ гээд бүх юмаа нэмээд байж болохгүй.
Жишээ нь, төрийн албаны бүтцийн данхар бүтэцтэй байна гээд 3 сая хүнтэй атал 200 мянган төрийн албан хаагчтай байна гээд л яриад байгаа шүү дээ. Хүн амынх нь тоонд харьцуулаад яриад байвал данхайсан бүтцээ дийлэхгүй л байх.