“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв.
Тэмцээн нь өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дөрвөн үндсэн ангиллаар зохион байгуулагдах аж. Оролцогчдын гүйх зай нь 3 км, 5 км, 10 км, 21 км юм байна. Зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах аж. Энэ жилийн тэмцээнд зургаан улсын 3.000 гаруй тамирчид, гүйлт сонирхогчид, оюутан, сурагчид оролцоно.
Энэ удаагийн “Тал нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөнгөн Атлетикийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци “Candy” цахим мөнгө, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, Төв аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран зохион байгуулж байгаа аж.