Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-ҮХНӨ-ийн хамгийн хүнд сэдэв нээлттэй үлдлээ. Бүлэг хуралдаад нэг талдаа гарчих байх. Ер нь ҮХНӨ хүнд гэдгийг бүгд харлаа. Үүнээс хойш зөвхөн нэг сэдэв барьж аваад явахгүй бол бүх бүлэг заалтаар хэлэлцүүлбэл явахгүй юм байна. ҮХНӨ зөвшилцөхгүй бол явахгүй. 1999 оны "Дордохын долоон өөрчлөлт" бол Ерөнхийлөгч эсрэг байхад хийсэн шүү. Хийхээс аргагүй байдалд ороод, 76-уулаа гар өргөн баталж байсан. Нам дотор асуудал гарсан нь үнэн, учраа олсон нь үнэн. Дотроо асуудал гардаггүй нам энэ хорвоо дээр байхгүй.
-Шүүх, цагдаагийн эрх мэдлийг авснаар "Хонгилын түлхүүр" шилжлээ гэсэн яриа байна?
-Энэ яриа ортой. Би үүний эсрэг байдаг. Улс төрийн зорилгоор шүүх, цагдааг ашиглахаар яадгийг өнгөрсөн найман жилийн хичээл бид үзлээ шүү дээ. Дарангуйлал тогтоох гэж байна гэж би Ц.Элбэгдоржийн талаар ярилцлага өгч байсан.
-Хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, үүнийг өөрчлөх асуудлыг та дарж хэвтээд байна уу?
-Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй, уртассан. "Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар татах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно" гэж байсныг "Шүүхэд шилжих өдөр хүртэл" гэж уртасгасан. Яллагдагчаар татагдсаны дараа шүүх дээр очно. Наад зах нь хоёр сар байдаг.
Гэхдээ хуулинд өөрчлөлт оруулсан арга нь хууль бус. Засгийн газраас ийм санаа орж ирээгүй байсан. Байнгын хороон дээр Дээд шүүхийн нэг шүүгч санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн ийм л юм. Засгийн газраас УИХ-д үүнийг засахаар өргөн мэдүүлсэн байгаа.