Б.Мөнхзул
Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй-1
Нийслэл хотод утаатай учран золгохоос өмнө буюу хүйтрэхээс өмнө даруй шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал байгаагийн нэг нь авто зам. Бид наймдугаар сарын 21-ний дугаартаа замын эвдрэлийн асуудлыг хөндсөн сурвалжлага бэлтгэхдээ үүнийгээ цувралаар бэлтгэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэр цагаас хойш 14 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэл хот бороо хур багатай, хуурайшилт ихтэй байлаа. Одоо ч тийм. Өдөртөө +20 хэмээс дээш халж байгаа энэ цаг үед нийслэлийн замын эвдрэлийг засахад цаг агаарын таатай нөхцөл байдал бүрдсэн гэсэн үг. Харамсалтай нь, манай сурвалжлага нийтлэгдсэнээс хойш хотын удирдлагууд үүнд анхаарлөө төдий л хандуулсангүй.
Хэд хоногийн өмнө хотын дарга С.Амарсайхан нийслэлд удаашралттай байгаа ажлуудтай танилцаж, үүрэг даалгавар өгөөд явсан. Тэгвэл та одоо хотын замын эвдрэл ямар байгааг нэг тольдооч, хотоо нэг тойрооч. Захын дүүргүүдээр явж замын эвдрэлийн нөхцөл байдал ямар байгааг нүдээр хараач. Ганц, хоёрхон удаагийн хүчтэй аадарын цохилт даадаггүй хотын зам энхэл донхол, ундуй сундуй болжээ. Зарим хэсгийг нөхөж засах хэрээр дөрвөлжилж огтлоод орхиж байна. Ингээд 5-7 хоногийн дараа огтолсон нүхээ бөглөж байна. Замын нөхөөс хийж, эвдэрхий замаа засахад замын хөдөлгөөнд ачаалал учруулна гэж айж байна уу. Тэгвэл айх хэрэггүй. Тэртээ, тэргүй нийслэлийн замын түгжрэл дээд хязгаартаа хэдийнэ хүрсэн.
Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол гээд түгжрэлгүй замтай, эвдэрэлгүй замтай дүүрэг алга. Хаана ч, хэзээ ч түгжирнэ. Тиймээс түгжрэл бол шалтаг шалтгаан биш. Алслагдсан гэр хорооллууд руу, орон сууцны хороолол руу салдаг уулзвар замын хагарал, эвдрэл иргэдийн уур бухимдлыг дээд зэргээр барж байна. Нүх тойрох гэж яваад иргэд осол гаргаж байна, эвдэрхий замаар явж машинаа эвдүүлэхгүйн тулд иргэд түгжрэлийг ихээр бий болгож байна. Монголд цоо шинээр орж ирсэн төмөр хүлгүүдийн ашиглалтын хугацаа эвдэрхий замаас тань болоод нэг биш нэлээд хэдэн жилээр наашилж байгааг та мэдэж байна уу, хотын дарга аа. Иргэд 10 жил хөдөлмөрлөж байж авсан амины ганц унаагаа аравхан сарын дотор эвдэрхий сэг болгохыг хүсэхгүй байна. Тиймээс замаа засаад өгөөч ээ гэж манай сониноор дамжуулан гуйж байгаа юм.
Хоёр гурван чиглэлд замын нөхөөс хийсэн нь сайн хэрэг ч уг ажил тань хэтэрхий удаан явж байна. Хоёр сарын өмнөх наадмын нээлт дээр Улаанбаатарын хөгжлийг яст мэлхийний нуруун дээр дүрслэн харуулсан байдаг. Тэгвэл нийслэлийн хөгжил яст мэлхийний хурдаар урагшилж байгаа нь тэр. Аливаа ажилд бодитоор, бүтээлчээр шуурхай ажиллах ухаан, сэтгэл хотын удирдлагуудад дутагддаг бололтой. Энд, тэнд очиж хэн нэгнийг загнахын оронд аливаад бодит дүгнэлт өгч, шуурхай арга хэмжээ авдаг болъё. Хөдөлгөөн удаантай хурган дарга нарынхаа ажлыг эрчимжүүл.
Хотын замын насжилт богино ч арчилгаа сайн байх хэрэгтэй. Эсвэл насжилтыг уртасгахын тулд анхнаасаа сайн зам тавихад хяналтаа өндөр байлгах ёстой. Замын стандарт ямар байх ёстой вэ, яг л тэр жишгийг дагая. Бидэнд ийм л хоёр зам байна. Ер нь бол ганц, хоёрхон жилийн өмнөх шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз.
Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээр ч барагдав. Жолооч нарын авьяас, чадварыг сорьж буй хотын замуудыг хэзээ засаж дуусах вэ, хотын дарга аа. Өдөр бүр бороогоор шалтаглаж суусаар өвөлтэй золгох нь. Бороо зогссон тул одоо ажлаа хий. Тэгэхгүй бол хэд хоногоос дахиад хөрсөн дээрээ цочир хүйтрэх цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Хүйтэн байгаа нэрээр дахиад л ажил хойшилно. Ингэж явсаар ирэх эвдэрхий замтайгаа шинэ онтой золгох гээгүй л байлтай. Хотын замаа ганц, нэгхэн хүчтэй борооны усанд урсахааргүй чанартай нөхөөч. Жилийн жилд л замын нөхөөсөнд хэдэн арван тэрбум зарцуулна. Тэгсэн атлаа үр дүн нь дандаа тааруу. Ганцхан жилийн настай засвар, арчлалт хийхийн тулд хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөх хэрэг байна уу. Тэрбум, тэрбумаар зам засварт хөрөнгө зарцуулж байгаа бол ядаж л 5-10 жилийн насжилттай ажил хийж болдоггүй юм уу гэж өөрийн эрхгүй асуумаар санагдлаа.
Нийслэлийн авто замд гарч буй осол аваарт согтуу жолооч, сагсуу бацаануудаас гадна хагархай, эвдэрч хэмхэрсэн зам ч багагүй үүрэг гүйцэтгэж байгааг битгий мартаарай. Замд таарсан нүхийг тойрч гарахдаа том, жижиг аваар хийж байна, манай жолооч нар. Үүнээс болж эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохирч байна. Эвдэрсэн замаар тойрч гарах гэж байгаад багахан хэмжээний осол гаргахад л хамгийн доод тал нь 50-100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, машин жолоодох эрхийн онооноосоо хасуулахын сацуу осол гаргасан гэдэг үндэслэлээр дахин 50-100 мянган төгрөгийн торгууль төлөх шаардлага гардаг.
Зүгээр л эвдэрсэн зам тойрч гарсны төлөө шүү дээ. Мэдээж жолоочийн авхаалж самбаа, сонор сэрэмжийг шаардаж байгаа ч хэдий болтол ан цав үүссэн, хагарсан, эвдэрсэн замаар нийслэлчүүд зорчих вэ. Адаглаад машины эд ангид хүртэл муугаар нөлөөлж байна. Нөгөө талаар туслах замуудад эвдрэл гарахад зохиомол түгжрэл үүсэх гол шалтаг болж байгаа юм. Зам эвдэрч, үүнийг зохих хугацаанд нь засахгүй байна гэдэг ард түмний эсрэг их буугаар галлаж, зам дээр тэсрэх бөмбөг тавьсантай адил гэж гаднын оронд үздэг ажээ. Гэтэл манай хотын удирдлагууд яг борооны улирал эхлэхийг хүлээдэг үү, ямартай ч зун дуусаж, намар хаяанд ирэхэд зам засварын ажлыг эхлүүлдэг нь гайхмаар. Зам засах нэрийдлээр энд тэндгүй том нүх ухна. Ингээд бороо орсны дараа ухсан нүхээ битүүлж, засах гэхээр өнөөх нь борооны усанд идэгдэж, төсөөлснөөс ч том болсон байдаг.
Түүнчлэн хувийн хэвшлийнхэн туслах замуудыг “будаа” болгож дууслаа. Нэг байшин барьчихаад кабелийн утас, шугам сүлжээ татах нэрийдлээр зам ухаж, сэндийчнэ. Дараа нь ухсан хэсгээ ямар ч норм стандартгүй, өөрсдийн дураар битүүлж орхино. Ингээд хэд хоногийн дараа, эсвэл борооны үеэр тухайн хэсэгт нүх, сүв үүсэж, иргэдийг хохироох нь энүүхэнд болжээ. Гэтэл үүнд хяналт, шаардлага тавьдаг нэг ч хүн алга. Аль нэг зам там болсны дараа, аль нэг гүүр эвдэрсний хойно сая нэг сэхээ орж, хааж, хорьж, боож, түгжихийг чухалчилдаг. Ойрын өдрүүдийн үргэлжилсэн борооны улмаас далан сэтэрч, замын хучлага урслаа гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тарах болов.
Иргэд үүнийг ус зайлуулах шугамгүй, чанаргүй замтай холбон бухимдаж байна. Авто замын хуулиараа тухайн замыг барьсан компани гурван жилийн баталгаа гаргаж, энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарахад засвараа хариуцаж хийдэг аж. Үүнээс цааш урсгал, их засвараа улс өөрөө төсөв гаргаж, хийх хуультай. Харин олигтойхон төсөв баталж, замаа шинэчилж чадахгүй явсаар үерт замаа урсгаж байгаа нь төрийн хариуцах ажил болов. Манайд шинээр тавигдаж буй ихэнх замууд хоёр үеэр хийгддэг байна. Энэ нь нэг км замын төсөвт өртөг дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад бүр тэнгэр, газар шиг ялгаатай байдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, манай улс зам барихдаа төсөв, мөнгөндөө тааруулж л хийгээд байна.
Гэтэл Орос, Америк, Япон зэрэг оронд 15 үеэр буталсан чулуун сууриныхаа оронд том ширхэгтэй асфальт хийдэг ажээ. “Талхан дээр нимгэн масло” түрхсэн мэт замууд гэж иргэд шүүмжлэх нь аргагүй ч юм шиг. Ашиглалтын хугацаа дууссан байхад ээлжит, их засвараа хийж чадахгүй байгаа улс замын зузааныг анхаарах нь юу л бол. Юутай ч ойрын хугацаанд үр ашиггүй зардлаа танаж, замын их засваруудаа яаравчлах ёстойг байгаль эх сануулсаар. Магадгүй та бүхэн замын нөхөөс, арчлалтын ажлыг хийгээд эхэлсэн гэх тайлбар тавьж мэднэ.
Гэхдээ ажил тань хэт удаашралтай байна гэдгийг л сануулж, анхааруулах гэсэн юм. Нэг л мэдэхэд өвөл болно. Өнөөх эвдэрсэн, хагарсан замууд яг л тэр хэвээрээ ирэх онтой золгоно. Ийм байж таарахгүй. Өнөөх нь ирэх жилийн хавар, зун, намар дахиад л эвдэрнэ, хагарна. Ийм байдлаар жил бүр бидний татвараас бүрдүүлдэг төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацмааргүй байна. Эцэст нь хэлэхэд, ажлаа сайн хий, хяналтаа сайжруул. Зам засварын ажлаа тааруу хийсэн компаниудад хариуцлагаа тооц. Аз жаргалтай хотод авто замын эвдрэлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирмооргүй байна.