Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан “Оюутолгойн гэрээг өөрчлөх” Тогтоолын төслийг УИХ-аас боловсруулахаар болсон. Энэхүү тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. Түүнээс Оюутолгойн гэрээг өөрчлөх ажил ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Оюутолгой дээр Аудитаас дүгнэлтээ гаргасан. Сая УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой дүгнэлтүүд гаргасан. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаад шийдвэрийн төсөл бэлэн болсон.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2-р хэлэлцүүлгийн дараа Оюутолгойн асуудлыг яаралтай оруулах төлөвлөгөөтэй байна.
-Ямар, ямар шийдвэр гарсан юм бол?
-20 гаруй төрлийн шийдвэр гарсан. 2009 онд хийсэн гэрээний ашиггүй заалтуудыг авч хаях. Дубайн гэрээг цуцлах. Улмаар сайжруулж, Монголд ашигтай байдлаар өөрчлөх.
Монголын талаас гарч байгаа баялгийг Монголд лаборатори байгуулж шинжилдэг байх. Монголын талд ногдох 34 хувьд ногдох гадаад өрийг Монгол банкуудаар дамжуулах гэх мэт заалтууд орсон. Ажлын хэсгийн гаргасан заалтуудыг нэмж, хасахгүйгээр оруулна.