МХЕГ-аас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан уул уурхайн компаниудад эзэмшиж байсан талбайдаа нөхөн сэргээлтийг холбогдох журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлэхийг үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь, Архангай аймгийн нутагт ашигт малтмалын 23 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг нь актаар зогсоосон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу эдгээр компаниуд нөхөн сэргээлт хийх юм.
Нөхөн сэргээлт хийсэн тайланг ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн анхааруулж байна.