Бүтэн зуны турш үргэлжилсэн Хонконгийн жагсаал эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төсөл санаачлан өргөн барьснаас үүдэлтэй. Хонконгийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн дөрөвдүгээр сард санаачилсан хуулийн төслийг түр хугацаанд түдгэлзүүлсэн ч жагсагчид бүрмөсөн эргүүлэн татахыг шаардсаар аажимдаа эмх замбараагүй байдал, зөрчил мөргөлдөөн гарч эхэлсэн.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам ардчиллын төлөөх жагсагчдыг өдөөсөн хуулийн төслийг эргүүлэн татахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Жагсагчдын шаардаж буй гол таван шаардлагын нэг нь хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татах байсан юм. Кэрри Лам лхагва гарагт телевизээр дамжуулан энэ тухай мэдэгдэж жагсаал хөдөлгөөнийг намжааж болох хэд хэдэн саналыг хэлж байр сууриа илэрхийлжээ. Үүний нэг хэсэг нь жагсаал тэмцлийн үеэр цагдаагийн албан хаагчид жагсагчид руу халдсан хэргийг тусгай комисс томилж мөрдөн шалгуулах байсан юм.
Түүнчлэн 14 долоо хоногийн турш үргэлжилсэн жагсаал Хонконгийн ард түмнийг цочролд оруулж, маш хүнд нөхцөл байдал руу түлхэн оруулсан гэжээ. Эмх замбараагүй байдал асуудлыг шийдэх гарц биш хэмээн жагсагчдад хандан уриалсан байна.
“Яг одоо нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол эмх замбараагүй байдлыг зогсоох юм. Хуулийг чандлан сахиж нийгмийн дэг журмыг дахин баримтлах хэрэгтэй. Засгийн газар эмх замбараагүй байдал, хууль бус үйлдлийн эсрэг хатуу чанга арга хэмжээ авна” хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдэв. Мөн албаны хүмүүстэй хамтран жагсаал зохион байгуулж буй холбоо нийгэмлэгүүдтэй уулзаж шууд яриа хэлэлцээр хийнэ гэжээ.
Хятадын Засгийн газрыг дэмжигч улс төр судлаачдын хувьд Кэрри Ламын энэ удаагийн мэдэгдлийг сайшаан магтаж, эерэг үр дүн дагуулах зөв алхам хэмээн ВВС агентлагт ярьсан байна. Харин ардчиллыг дэмжигчдийн төлөөлөл түүний амлалтыг хууран мэхлэлт гэж үзэж байгаа ба цагдаа нар жагсагчидтай зүй бус харьцахаа болих ёстой, үгүй бол бослого тэмцэл үргэлжилсээр байх болно гэжээ.
Уг мэдэгдлийн өмнөхөн жагсаалыг тэргүүлэгчдийн нэг, тэмцэгч Жошуа Вонг хэрэгтэн шилжүүлэх гэрээг эргүүлэн татах нь хэтэрхий оройтсон ач холбогдолгүй шийдвэр хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com