Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2-р хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр/2019.09.04/-ийн чуулганаар хэд хэдэн заалтыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал,
Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах саналыг 86.4 хувийн саналаар дэмжсэн юм.
Мөн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгажээ.
Энэ санал дэмжигдэн хэрэгжсэнээр Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг хайж эхэлдэг байдал үгүй болно төсөл санаачлагчид үзэж байна.
Түүнэчлэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж өөрчлөн найруулах саналуудыг бүгдийг дэмжсэн юм.
Ингэснээр ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг тэр хэрээр хариуцлага хүлээдэг тогтцолоо бүрдэх юм.